Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ?

2019/06/19
Хүндэт Ерөнхийлөгч таны амар амгаланг айлтгая. Та “Би Ерөнхийлөгч болвол Монголд шударга ёсыг тогтооно. Онц ноцтой хэргүүдийг илрүүлж арга хэмжээ авахуулна” гээд хот, хөдөөгүй харайлгаж явснаас чинь хойш хоёр жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл таны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа талдаа орж. Таны амлалтаас нэг нь ч биелсэнгүй, та зүгээр л хориг тавьдаг, одон тараадаг хүн болсон байна.

Та, шалгарсан сайндаа, ард нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж Ерөнхийлөгчид сонгогдоогүй юм шүү. Аливаа хүнд аз, эз хоёр байдгийн аз нь танд таарсан. Өрсөлдөгчид чинь учир дутагдалтай, сонгогчдынхоо саналыг хуваагаад, танд хэдэн санал илүү авах аз тохиосон. Тэр нь ч яахав, аавын хүүд аль аз таарахыг тэр гэхэв. Тэр дундаа улс төрд!

Харамсалтай нь Х.Баттулга та Монгол Улсын төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэх өчүүхэн ч санаа бодолгүй, зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, Ерөнхийлөгч болохын төлөө үхэн хатан зүтгэж байж. Үүнийг чинь ард түмэн одоо л ойлгож, тан руу “нулимж” байна. Монголд гучаад жил тогтносон МАНАН-мафийн сүлжээг тас цохих, сүүлчийнх нь голомт болсон УИХ-ын удирдлага, тэдний ивээлийн хууль шүүхийнхнийг зайлуулж, шударга хүмүүсийг гаргаж ирээсэй гэсэн бүх ард түмний сэтгэл зүй дээр та гарамгай тоглосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын таван гишүүний амь хайргүй тэмцлийн хүчээр огцруулахыг нь огцруулж, зайлуулахыг нь зайлуулсны эцэст та зүсээ хувиргасан. Багны цаанаас жинхэнэ Х.Баттулга гарч ирлээ. Одоо та өөрийнхөө хүмүүсээр хууль шүүхийн байгууллагын удирдлагыг эзлүүлж аваад “Улсын Их Хурал тар!”, “Засгийн газар огцор” гэж эрээ цээргүй загнаж байгаа чинь дэндүү ичгэвтэр харагдаж байна. Жирийн иргэд таныг “Ямар муухай хүн бэ!” хэмээн халаглаж байна. “Би, хамгаалах хүмүүсээ авсан, хийдэг ажлаа амжуулсан. Одоо та нар над хэрэггүй” гэлээ шүү дээ. Хүнд чинь жудаг гэж нэг юм байдаг. Төрийн тэргүүн хүнд чинь эрхэмлэж явах нэр төр, өргөсөн тангараг гэж нэг юм бий шүү дээ. Төр, түмнийг тогтворгүй байдалд ингэж уриалах чинь хэний ч бодсон тэнэг асуудал.

Та уул нь өнөөдөр Ерөнхийлөгчийн сэнтийд заларч байх хүн биш байж билээ. Онц ноцтой хэргийн учир хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан хүнийг танай намын удирдлагын МАНАН-мафийн хэдэн хүн хуйвалдаанаар нэр дэвшүүлээд өрсөлдүүлсэн нь нууц биш.

Ерөнхийлөгч Х.Баттулга Та олон ноцтой хэрэгт холбогдсон хүн. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг тавина гэж төсвөөс хэдэн зуун тэрбум төгрөг аваад, баахан овоолсон шороо үлдээж, тэр их мөнгийг хань хамсаатнаараа хувааж завшсан шүү дээ. Энэ хэрэгтээ та болон таны хань хамсаатнууд хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яаман дахь аймшигт аллага болсныг олон түмэн мэдэж байгаа. Баттай эх сурвалжийн мэдээллээр Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэн энэ яаманд бугшсан олон ноцтой хэргийг илрүүлсэн дунд Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн төмөр замтай холбоотой хэргийг газар дээр нь шалгаж ирээд “Овоолсон хэсэг шороо л байна. Тэр их мөнгийг яаж идэж, угааж чадаж байна аа!” гээд толгой сэгсэрч байсан гэдэг. Тэгээд илтгэх хуудас бичин холбогдох газруудад өгсөн юм билээ. Одоо байгаа юу, устгагдсан уу, мэдэхгүй. Тэгээд Т.Гомбосүрэн гэж хүнийг зайлуулах юмуу, устгах ажилдаа та нар зохион байгуулалттай орсон юм билээ. Та нар алуурчнаар Б.Махбалыг сонгож авсан. Энэ хүн бол 1990-ээд оны үеэс таны найз, таны төлөө “морь нохой” шиг зүтгэх болсон хүн гэдгийг олон түмэн сайн мэддэг. Б.Махбал 1993-1996 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Таны нууцаар оруулж ирсэн 17 чингэлэг спиртыг ус болгоход гар бие оролцон, итгэлийг тань олсон хүн юм билээ. Та тэгээд Б.Махбалыгаа үргэлж дэргэдээ, баруун гар талдаа авч явсныг мэдэхгүй хүн бараг байхгүй л дээ. Х.Баттулга та нэг удаа архи ууж байхдаа: “Хүнд дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавирганы нэг нь манай Махбал” гэсэн байдаг. Махбал өөрөө ч “Би бол нэгийн нэг хүн-шүү дээ” гэж яамныхандаа хэлж дээрлэхдэг байсныг олон хүн ярьж байна билээ. Ингээд л Б.Махбал гэдэг хүн түрүү түрүүчийн аймшигт хэрэг явдлуудаа таны “нөөлгөн” доор хэрэгсэхгүй болгуулж омогшсоор алуурчин болсон хүн юм бол уу гэдэг. Уул нь энэ аймшигт аллагын хэрэгт гол зохион байгуулагч, захиалагч байсан хүмүүсийг эхлээд шалгах ёстой байсан л даа. Тухайлбал, урьд нь өчнөөн аймшигт хэрэг үйлдсэн Б.Махбалыг 2017 оны намар, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд болонгуутаа яамандаа авчирч Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа юм. Өөрөөр хэлбэл таны “баруун гарын” хүнийг авчирч өндөр дээд албан тушаалд тохоон томилж, их эрх ямба эдлүүлсэн. Үүнийг бол олон нийт таны захиалгаар Ж.Бат-Эрдэнэ зохион байгуулсан, тэгээд хэн хэн нь одоо хүртэл “цэвэр ариун” яваа гэдэг юм. Хуулийнхан ч таныг үүгээр барьцаалж, Б.Махбалынх нь хэргийг тав зургаан удаа буцаагаад байгаа. Энэ хэрэг Х.Баттулгыг ажлаа өгтөл шийдэгдэхгүй. Хэрэв Ерөнхийлөгчийн албаа гүйцэтгэж байгаа үед шийдэгдэхэд хүрвэл хэдхэн жилийн хөнгөн  ял заагдах юм уу, хэрэгсэхгүй болгоно гэж хүмүүс шивнэлдсээр байна. Яагаад гэвэл, Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон аймшигт аллагын эргэн тойронд асар нууц ажиллагаа явагдсан, тэгээд ч дээд түвшинд ихэд нууцалж байгаа юм билээ. Би ганцхан баримт авахад: Аллага болсны дараахан над руу нэг үл таних эмэгтэй утасдсан. Өөрийгөө “Удвалын Өнөрцэцэг гэдэг. Талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр байна. Болсон явдлын талаар танд л ярилцлага өгмөөр байна” гэсэн. Сэтгүүлч хүний хувьд над татгалзах эрх байхгүй. “Хүрээд ирээ” гэсэн.

Ингэж, талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр, дөрвөн хүүхдийнх нь эх У.Өнөрцэцэг гэдэг хуульч эмэгтэй над ярилцлага өгсөн. Бүх зүйлийг ний нуугүй ярьж, би бичиж тэмдэглэж аваад хэд хоног сууж эвлүүлээд, хэвлэгдэхийн өмнө өөрт нь нэг уншуулчихъя гээд өгсөн юм. Тэгтэл У.Өнөрцэцэг “Бага зэрэг засвар оруулмаар байна. Жаахан хүлээе” гэсэн. Тэгээд л таг чиг болсон. Арга ядаад хэдэн сарын дараа “Архангайн найз” гэдэг, УИХ-ын гишүүн сэтгүүлч Ж.Мөнхбатад хандан өнөөх ярилцлагаа “Үзээд, засаад аль” гэж явуулсан. Хариу ч үгүй таг чиг болсон. Өнөөг хүртэл жил тойрох гэж байхад тэдний  зүгээс ямар ч хариугүй, миний бичсэн ярилцлага таг дарагдах нь тэр. Одоо л би учрыг ойлгож байна. Сайд асан Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг нар чинь бүгд Архангайнхан, талийгаач Т.Гомбосүрэн ганцаараа Сэлэнгийн иргэн юм билээ. Бусад нь яахав ээ, хүний хань, 4 хүүхдийн эх У.Өнөрцэцэг л?!

Энэ бүхнээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга та төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхдөө улс эх орон, ард түмний хувь заяаны төлөө бус, зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс худал амлалт  аван өрсөлджээ гэж үзэх бүрэн үндэслэл байна.

Түрүүчийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж таныг нэг удаа: “Монголын хамгийн том хулгайч” хэмээн загнаж билээ. Манай ард түмэн бол тэр яриа, бичлэгийг: “Ц.Элбэгдорж ер нь яасан дэггүй, эх захаа алдсан хүн бэ?! Амьд сэрүүн, албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчөө ингэж хэлж болдог юмуу” гээд л өнгөрөөсөн. Та ч хариу няцаалт өгөөгүй. Харин “хурц тонгорог шиг гарч ирсэн Ерөнхийлөгч маань түүнээс хойш нялх хүүхдийн баас хусдаг мухар хутга шиг боллоо” гэж гадуур шуугих болсон. Таны болчимгүй алхмуудаас харвал олон жилийн найз нөхөр Ц.Элбэгдорж гэдэг хүн голыг нь олоод ч хэлчихсэн юм шиг.

Х.Баттулга та шударга үнэний баг өмсч явсаар хууль шүүхийн байгууллагын шинэчлэл гэгчийг зөвхөн хувийн ашиг сонирхолдоо зохицуулаад одоо ямар болсон байна, хар л даа. Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч, прокуроруудыг дан өөрийнхөө хүнээр өөрчилж амжлаа. Олон түмний шахалт шаардлагаар Улсын дээд шүүхийн дарга Ц.Зоригийг өөрчилсөн нэр хэмээсэн чинь, оронд нь шударгаар өрсөлдөөд гарч ирсэн нэр хүндтэй шударга шүүгчийг “англи хэлний мэдлэггүй” гэж буцаагаад Ц.Зоригийн баруун гарын хүнийг томилуулчихаж байгаа юм. Өнөөдөр үндсэндээ Ц.Зоригийн баг таны хэргийг хэрэгсэхгүй болгосноороо барьцаалчихаад, Та тушаатай адуу шиг доороо дэвхцэж байгаа нь нууц биш. Дээрээс нь Б.Махбалын хэрэг. Та хугацаа дуусталаа л шүүх, прокурорын барьцаанд суух болоод байна. Таныг нэгэнт “өөрийн болгочихсон” өнөө хэдэн шүүгч, прокурорууд чинь, Монголыг гадныхантай хамсаж цөлмөсөн 23 ноцтой хэрэг байтугай “С.Зоригийн хэрэг” гэгчээр шоронд дөрвөн жил шахам хилсээр тамлагдаж байгаа хоёр иргэнээ ч суллуулж чадахгүйд хүрээд байна. Уул нь, Х.Баттулга таныг барьцаалаад, таны ивээлд багтаад байгаа Ц.Зориг тэргүүтэй энэ мафийнхан чинь шударга ёсыг дээдэлдэг улс оронд бол, гэмгүй иргэдэд хуулийн дээд хэмжээ оногдуулж хүний ёсноос гадуур тамлан зовоосныхоо төлөө, хуулийн олон заалтыг зөрчсөнийхөө төлөө, иргэн хүнийг дур зоргоороо дэглэм өөрчлөн гянданд тамласныхаа төлөө өөрсдөө ял эдэлж байх ёстой хүмүүс. Иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар яргалал даалгүй нас барвал гэр бүлийнхэн нь, түүний амь насыг хууль завхруулсан шүүгч, прокуроруудаас нэхэх бүрэн эрх бий. Олон улсын шүүхэд ч хандах боломж байгаа.

Х.Баттулга таныг барьцаалаад байгаа шүүгч, прокурорууд чинь, цагдаа Авлигатай тэмцэх газраас барьж өгсөн гэмт этгээдүүд, мафийн гол толгойлогчдыг бараг бүгдийг суллаад, хил давуулаад оргуулчихлаа. Сүүлийн үед таны саналаар томилогдож, ивээлд чинь байдаг шүүгч, прокуроруудын буруугаас олон ноцтой гэмт хэрэг дарагдаж, зарим нь хэрэгсэхгүй болж байгааг хэсэг бүлэг хүн зориуд гуйвуулан, бодлогын яам, УИХ руу улангассан дайралт хийж байгааг ч тантай холбож ойлгохоос өөр аргагүй. Хүмүүс бол таныг ард нь байгаа гэдэг юм.

Би нэг л зүйлийг хүсч байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналаар шүүгч, прокуроруудыг өөрчилж болдог шинэ хууль байнга үйлчилж байгаасай. Тэгвэл энэ шинээр томилогдоод, Ерөнхийлөгчийгөө барьцаалчихаад юу ч хийж чадахгүй суугаа шүүгч, прокуроруудыг хугацаа харгалзалгүй, маргааш ч гэсэн олонхийн саналаар өөрчлөөсэй гэж бодож байна. Монголд шударга хуульчид, өндөр мэдлэг мэргэжилтэй залуучууд олон зуугаараа бий. Тэд, энэ мафийн гар хөл бологчдын эрх мэдэлд дарагдчихаад гарч ирж чадахгүй байгааг зоригтой өөрчлөх цаг болсон. Энэ өөрчлөлт шинэчлэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга та энэ суудалд байгаа цагт хийх боломжгүй юм байна.

Хүндэт Ерөнхийлөгч өө Та, чадлаараа ажиллаад байгаа, нэгэн үед хамт жагсаж явсан “байлдагчид”-УИХ, Засгийн газраа “Тар!”, “Огцор” гэж айлдлаа. Таны энэ айлдварыг “хуучин” Ардчилсан намын олигархи удирдлагууд ч тоть шиг давтаж эхэллээ.

Таныг “Улсын Их Хурал өөрөө тар!”, “Засгийн газар огцор” гэж айлдсаны чинь дараахан УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Та өөрөө эхлээд огцорчих. Дараа нь УИХ, Засгийн газар тарах, огцрохоо яръя” гэж мэдэгдэнэ билээ. Энэ бол Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын олонхийн хэлсэн үг, ард түмний үг гэж би ойлгож байгаа. Монголын ард түмэн тан шиг мэдлэг чадвар хомс, төрийн хүний буурь суурьгүй, ноцтой хэрэг явдлуудад үргэлж нэр нь холбогдож явдаг Ерөнхийлөгчийг хүсээгүй, хойшид ч хүсэхгүй юм.

Би иргэний хувьд, ард түмэндээ үнэнийг хэлж ойлгуулж байх үүрэгтэй сэтгүүлч хүний хувьд таныг замын хагасаас буцаасай, ард түмнээсээ уучлал гуйгаад огцроосой гэж бодож байна. Таныг хэрэв огцрохгүй бол, би таньж мэддэг бүх төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн соёрхолтон, баатар, ардын, гавьяатнууддаа хандан энэ захидлаа илүү баримтжуулж шаардлага болгон гарын үсэг цуглуулж, төрийн гурван өндөрлөг, Үндсэн хуулийн цэцэд хандах болно.

Жич: Нэг зүйлийг танд сануулъя. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг олон хулгайчтай гээд зарлачихсан. Бүхний харж байгаагаар та бас алуурчидтай. Иймээс Х.Баттулга та намайг юм уу, манайхныг устгах гэж орон байраар нь, орж гарч яваа тээврийн хэрэгслэлээр нь устгаж тэнэглэв дээ! Миний хувьд “амьдын гэрээслэлээ” аль хэдийнэ хууль хүчний байгууллагын танил нөхөддөө хадгалуулчихсан байгаа. Бид устаж болно. Та маргааш нь устана гэдгээ л ойлгоорой.

Галсангийн ЖАМЬЯН
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна