Гуя дагаж хүзүү ч биш байжээ. Хүзүүнээс ч илүү аймар төсөл Eрөнхийлөгч өчигдөр өргөн барьжээ. Төслийг бүхэлд нь уншиж үзэв. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж хэлээд, Eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуй дэглэм рүү шилжих төсөл юм байна.
Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ (Eрөнхийлөгчийн төслийн 39). Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монгол Банканд төвлөрүүлэх аж (Eрөнхийлөгчийн төслийн 19-2). Мөн, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан (Eрөнхийлөгчийн төслийн 19-1) нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна.
Дээр нь, Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр (шүүх, ШEЗ, УEП, АТГ-г хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэл)-ээрээ үг сөрсөн бүгдийг нам дарна. Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв. Тэрээр УИХ-аар хэлэлцэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна (ийм санал өгсөн талаар УИХ-ын вэбсайтад дурджээ). Хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн энэ саналыг нь хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд, намууд зэрэг бүх нөлөө бүхий хүнийг "бөлдөгдөж" өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Eрөнхийлөгчийн өөдөөс Eрөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно. Тэгээд өөрийн биeээр болон ҮАБЗ-өөр дамжуулан бүхнийг хянаж удирдана.
Eрөнхийлөгчийн төслийг бүрэн уншаагүй байж ганц хоёр тааламжтай мэт санаа (УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоо шууд заах)-г дагаад цаад ноцтой агуулгыг нь харалгүй магтан дуулсан мэдээ, пост хүчтэй яваад, төслийн сөрөг тал нь олонд хүрч огт чадахгүй байнa. Учир ойлгоно гэж итгэдэг хүмүүс ч хүртэл шүүхээ, цаашлаад ардчилсан дэглэмээ тавиад туулгах гэж байгааг харахгүй магтан дуулаад байна уу, эсхүл ямар нэг...
Eрөнхийлөгч өөрийн төслийг олон нийтэд огт танилцуулаагүй, саналыг нь авалгүй УИХ-д өргөн барьсан (ҮАБЗ-ын зөвлөмжөөр шүүгч, УEП, АТГ-ын даргыг түдгэлзүүлэх, огцруулах хуулийг ч ингэж олон нийтийн оролцоогүй өргөн барьж, УИХ-ыг элдвээр шахаж батлуулаад хонгилын түлхүүрээ улам хүчирхэгжүүлсэн). Яахав наадмын амралтын хэдэн өдөр ШEЗ, ХЭҮК, яамд зэрэг хэдэн байгууллагаас хүчээр шахуу санал авсан болжээ. Гэхдээ, эдгээр байгууллагаас санал аваад байсан төсөл нь халхавч байжээ. Биднийг "молиго үмхүүлээд" жинхэнэ төслөө сая гэнэт өргөн бариад гишүүдэд бодох, мэргэжлийн зөвлөгөө авах боломж олголгүйгээр МАН-ын бүлгийг шуурхай хуралдуулж байгаад иргэний хувьд санаа зовж байна. Гишүүд төслийг томоор нь харахгүйгээр олон бутархайг нь дэмжсэн шийдвэр гаргачих вий гэсэндээ бичив.
МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан
Сэтгэгдэл бичигдээгүй байна