Найзынхаа PCR шинжилгээний бичгээр Сэлэнгэд ирсэн иргэнээс халдвар илэрчээ

2021/02/10

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт  Улаанбаатар хотоос бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ. Тус иргэнийг Сэлэнгэ аймагт ирэх үед нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа боловч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд  PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан.

Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан. Эдгээр хүмүүсийг  олж сумдуудад нь тусгаарласан байгаа.
Сүхбаатар суманд ирсэн иргэдээ халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан. Хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй зөрж таарсан  ч  нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгаа.  Нэг хүний амиа бодсон ухамсаргүй үйлдлээс болж цагаан сараа гэрийхэнтэйгээ тэмдэглэхээр аймагтаа  ирсэн олон хүн тусгаарлалтад орчихлоо" хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна