Энгийн бензин хөдөлгүүрт машин нь цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батерей ашигладаггүй, зөвхөн дотоод шаталтын хөдөлгүүрээр ажилладаг тул Монголын өвлийн хүйтэнд асалт сайтай, засвар үйлчилгээ хялбар гэдгээрээ өргөн хэрэглэгддэг. Гэвч түгжрэлд удаан зогсох тусам шатахуун их зарцуулж, хорт утаа, нүүрсхүчлийн хийг ихээр ялгаруулдаг бөгөөд байнга асаалттай байснаар мотор, эд ангиудын элэгдэл хурдан явагддаг сул талтай.

Харин сүүлийн үед жолооч нар цахилгаан, бензин хосолсон PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle) буюу залгуураар цэнэглэдэг хосолмол хөдөлгүүрт машиныг илүү сонирхох болжээ. PHEV нь цахилгаан мотор (батерей), дотоод шаталтат хөдөлгүүр (бензин/дизель) хоёулаа ажилладаг тул цахилгаанаар ч, шатахуунаар ч явах боломжтой байдаг. Цахилгаан горимдоо дундаж загварууд 40-60 км туулдаг бол шинэ үеийн өндөр чадалтай загварууд 70-100 км, бүр цаашлаад Хятадын BYD (DM-i цуврал) зэрэг шинэ загварууд маш том батерейтэй тул 100-200 км хол давдаг болжээ.
Хол замд батерейн цэнэг дуусах үед дотоод шаталтат хөдөлгүүр автоматаар ажиллаж эхлэх тул бүрэн цахилгаан машин шиг цэнэг дуусна гэх айдасгүй. PHEV хосолмол хөдөлгүүр нь хорт утаа багатай, шатахууны зарцуулалтыг 30-70 хувь хүртэл хэмнэдэг, дуу чимээ багатайгаас гадна урт хугацаандаа эдийн засагт ашигтай, эрсдэл багатайгаараа онцлог юм. Мөн Монголд машин шинээр худалдан авахад дугаарын хязгаарлалт үйлчилж буй энэ үед PHEV хосолмол хөдөлгүүрт машинд ногоон дугаар олгож байгаа бөгөөд автозамын нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих, татвар хураамжийн хөнгөлөлт эдлэх, банкуудын ногоон зээлд хамрагдах боломжтой байна.

Энэ бүхэн нь шатахууныг тэгш, сондгойгоор, хязгаартай олгох шийдвэр гараад буй энэ цагт PHEV-ийг сонирхохоос өөр аргагүй болгож байгаа юм. Гэхдээ PHEV-ийг зөвхөн Монголд сонирхоод зогсохгүй, дэлхий нийтийн чиг хандлага ч хосолмол хөдөлгүүрт машин руу чиглэж байна. Хамгийн тод жишээ нь Тесла байсан бол сүүлийн таван жил дараалан Хятадын BYD брэнд борлуулалтаараа Теслаг ардаа орхин дэлхийд тэргүүлж байгааг дурдах нь зүйтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна