Монгол Улс UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цувааг хүлээн авч байна

С.Гандэлгэр
38 минутын өмнө

Улаанбаатар, Монгол Улс, 2026 оны 8 дугаар сарын 7 – Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсын хэмжээнд таниулах зорилготой дэлхийн хэмжээний санаачилга болох Торгоны замын цуваа өнөөдөр Монгол Улсад аяллаа эхлүүлж байна. Энэхүү аялал нь 2026 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын өмнөхөн Монголд ирж байгаа юм.

Олон мянган жилийн турш Монголын тал нутаг нь Евразийг холбосон хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үзэл санааны урсгалын гэрч болсоор ирсэн. Монголын түүхэн хамгийн чухал бүс нутгуудын нэг болох Орхоны хөндий нь үе үеийн нүүдэлчин эзэнт гүрнүүдийн улс төр, соёлын төв байж ирсэн бөгөөд үе дамжин өвлөгдсөн мал аж ахуйн соёл нь өнөөдөр ч Монголын онцлогийг тодорхойлсоор байна.

Энэ наймдугаар сард энэхүү түүх шинэ хуудсаа нээж байна. UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цуваа Евразийг дамнан 6,000 гаруй километр замыг туулсны эцэст Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Замын туршид тус цуваа малчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, залуучууд болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, бэлчээрийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр туршлага, бодит шийдлүүдээ харилцан хуваалцсан юм..

НҮБ-аас зарласан 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил (IYRP 2026)-ийг дэмжих зорилгоор UNCCD-ээс санаачлан хэрэгжүүлж буй Торгоны замын цуваа нь эртний Торгоны замын Ази, Европыг холбож байсан хамтын ажиллагааны үзэл санааг сэргээн үргэлжлүүлж байна. Тавдугаар сард Туркээс гараагаа эхэлсэн энэхүү аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, БНХАУ-аар дамжин үргэлжилж, газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагуудтай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзжээ. Энэхүү аялал нь бүх түвшний хамтын ажиллагаа, тууштай хүчин чармайлт нь доройтсон газрыг сэргээхэд ямар чухал болохыг тодотгосон юм.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад хэлэхдээ:Торгоны замын цувааны аяллын туршид бид улс орон, орон нутгийн иргэд өөрсдийн онцлог, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, сэргээж байгааг харлаа. Аяллын турш хийсэн зогсоол бүр бидэнд нэг энгийн үнэнийг дахин баталсан. Тэр нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө юм. Эдгээр туршлагаас харахад нөхөн сэргээх цорын ганц загвар гэж үгүй. Монгол Улсад COP17-д цуглаж буй энэ үед бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн хэмжээний бодит үйл ажиллагаа болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулалт хийх явдал юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлэхдээ:

Монгол Улс олон зуун жилийн түүхтэй мал аж ахуйн уламжлалтай бөгөөд манай өргөн уудам бэлчээр нутаг үе дамжин нүүдлийн соёлыг маань бүрдүүлж ирсэн. Бэлчээр болон малчдын дэлхий дахинд гүйцэтгэх чухал үүргийг үнэлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг ‘Бэлчээр ба малчдын олон улсын жил’ болгон зарлах санаачилгыг дэвшүүлсэндээ бахархдаг. Торгоны замын цуваа Монгол Улсад хүрэлцэн ирж, түүний дараа UNCCD COP17 зохион байгуулагдах гэж буй нь дэлхийн анхаарлыг бэлчээр, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах онцгой боломжийг бүрдүүлж байна. Мөн байгальтай зохицон амьдрах замаар үе дамжин хуримтлуулсан малчдын мэдлэг, туршлага нь өнөөдөр бидэнд шаардлагатай шийдлүүдийн салшгүй хэсэг хэвээр байгааг сануулж байна.

Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмжин, дэлхийн мал аж ахуйн тэжээлийн бараг 70 хувийг хангаж, их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө хуримтлуулдаг. Гэвч эдгээр бэлчээрийн тал хүртэлх хувь нь хэдийнээ доройтсон бөгөөд энэ нь биологийн олон янз байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд ноцтой эрсдэл учруулж байна. Торгоны замын цувааны аяллын турш хуримтлуулсан туршлага, сургамжийг одоо UNCCD COP17-д авчирч, улс орнууд бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах дараагийн алхмуудыг хамтдаа хэлэлцэх болно.

Монгол Улсад бэлчээр нь мал аж ахуйд суурилсан амьдралын үндэс суурь болдог. Улсын нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 70 хувийг хамардаг бэлчээр нь хүн амын ойролцоогоор гуравны нэгийн амьжиргааг тэтгэж, дэлхийд үлдсэн хамгийн том мал аж ахуйн бэлчээрийн экосистемүүдийн нэгийг бүрдүүлдэг.

Гэвч эдгээр бэлчээр нутаг улам бүр нэмэгдэж буй дарамттай нүүр тулж байна. Монгол Улсын нийт газар нутгийн 77 орчим хувь нь газрын доройтолд өртөөд байна. Ган гачгийн давтамж нэмэгдэж, шороон болон элсэн шуурганы жилийн дундаж өдрийн тоо 1960-аад оноос хойш гурав дахин өсжээ. 2023–2024 онд зуны хүчтэй гангийн дараа тохиосон зудын улмаас долоон сая гаруй толгой мал хорогдсон нь мал аж ахуй эрхлэгч иргэд ган болон уур амьсгалын эрс тэс үзэгдэлд хэр зэрэг эмзэг байгааг тод харуулсан юм.

“Грийн Голд” Монголын Бэлчээр Судлалын Нийгэмлэгийн Мал үржлийн мэргэжилтэн, Торгоны замын цувааны оролцогч Авирмэдийн Ган-Очир хэлэхдээ: Монголын бэлчээр нутагт өсөж торнисон хүний хувьд Узбекистан, Казахстанаар аялж, амьдралын хэв маяг нь биднээс өөр атлаа мөн чанартаа бидэнтэй тун адилхан малчидтай уулзсан нь надад үнэхээр их урам зориг өгсөн. Очсон газар бүр, уулзсан хамт олон бүр бидэнд шинэ зүйл зааж өгсөн. Тэд уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицож буйгаас эхлээд үе дамжин уламжилж ирсэн зан заншлаа хэрхэн хадгалж хамгаалж байгааг бид харлаа. Торгоны замын цуваа ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирж байгаад би бахархаж байна. Эх орондоо дэлхийн зочдоо угтан авч, өөрсдийн туршлагаа хуваалцан, COP17-ын өмнө энэхүү мэдлэг, туршлагын солилцоог үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ:Олон зууны турш Торгоны зам улс орон, ард түмэн, соёл иргэншлийг хооронд нь холбож ирсэн. Торгоны замын цуваа Монгол Улсад хүрэлцэн ирж буй энэ цаг мөч нь бидний нүүдлийн соёл, уламжлал, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн олон зууны өв соёлоо дэлхийтэй хуваалцах үнэ цэнтэй боломжийг бүрдүүлж байна. Торгоны замын цувааны сүүлийн аяллыг эх орондоо хүлээн авч, UNCCD COP17 бага хурлаар дэлхийн улс орнуудыг угтан авах нь Монголын соёлын өвийг өнөө цагийн газрын доройтол, цөлжилт, экосистемийн нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтуудтай утга учиртайгаар холбож байна. Энэ нь өнгөрсөн үеийн өв уламжлал, мэдлэгээс суралцан, илүү тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа ажиллах боломж юм гэв.   

Монгол Улсад тулгарч буй эдгээр сорилтууд нь хуурай бүсийн олон орны нийтлэг асуудал юм. 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах UNCCD COP17 бага хуралд засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, уугуул иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөл болон олон улсын байгууллагууд оролцож, газрын нөхөн сэргээлт, ган гачиг, бэлчээрийн тогтвортой менежментийн бодит шийдлүүдийг хэлэлцэх юм.

Энэ жилийн Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас (COP) хамгийн түрүүнд зохион байгуулагдах хурал болохын хувьд UNCCD COP17 нь газрын асуудлаарх олон улсын бодлогын хэлэлцэх асуудлыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Мөн 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил-тэй давхцан зохион байгуулагдаж буйгаараа бэлчээр нь хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд ямар чухал үүрэгтэйг онцлон харуулах болно.

Торгоны замын цувааны оролцогчид Монгол Улсаар долоо хоногийн турш аялж, Говийн цөлөөс эхлээд төвийн бүсийн ой, хээр тал нутгаар дамжин явах юм. Аяллын үеэр тэд нүүдлийн малчин өрхүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн удирдлагууд, малчдын хоршоодтой уулзаж, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцана.

Аяллын маршрут нь Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн Өгий нуур, мөн Мини Наадам зэрэг газруудыг хамарна. Оролцогчид Монголын бэлчээр нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж байгааг газар дээрээс нь үзэж танилцах бөгөөд Улаанбаатар хотод хүрч UNCCD COP17 бага хуралд оролцохын өмнө Бэлчээр ба малчдын олон улсын жил-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд мөн оролцоно.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна