Улаанбаатар, Тяньжин хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форум боллоо

Zuv.mn
2023/09/20

Улаанбаатар, Тяньжин хот хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын форум өнөөдөр боллоо. Форумд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн болон хоёр хотын бизнесийн салбарын төлөөллүүд оролцсон юм.

Форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тяньжин бол Монгол Улсад хамгийн ойр орших далайд гарцтай хот бөгөөд манай улсын экспорт, импортын дийлэнх ачаа тээвэр Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг. Энэ ч утгаараа Улаанбаатар, Тяньжин хот нь олон улсын ачаа тээвэр, худалдаа, технологи, боловсрол, соёл зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдрийн форумаар талууд хооронд байгуулах гэрээ, санамж бичгүүд Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй нийгэм, эдийн засгийн олон асуудлын шийдлийг хөгжүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн цаашид Улаанбаатар, Тяньжин хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж, шинэ утга, агуулгаар өргөжин бэхэжнэ гэж бодож байна” хэмээв.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын Тяньжин хот анх 1992 онд ах дүү хотын харилцаа тогтоосон. Ийнхүү өнгөрсөн 2022 онд хоёр хотын хооронд найрсаг харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиосон билээ.

Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн “Улаанбаатар, Тяньжин нь ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хойд бүсийн эдийн засгийг өргөжүүлэн, боловсруулах аж үйлдвэрлэлийг өндөр түвшинд хүргэх, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах, боомтын бүс нутгийн болон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх 10 зүйл бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр хотын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, шинэ шатанд гаргана гэж харж байна” гэв.

Форумд Тяньжин хотын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын “Бэйшин Лү чяо” корпорац, Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар танилцуулсан юм.

Мөн энэ үеэр хоёр хотын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал, Тяньжин хотын Эко хот төслийн Удирдах хороо, Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газартай санамж бичиг байгуулав. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсэд ухаалаг, эко хот байгуулах чиглэлээр Тяньжин хотын сайн туршлагыг судлах, санал солилцох, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.