Ц.Гантулга: Улс төрийн нам бүхнийг бүтээж бас нурааж чадна. Намыг нам л дийлдэг учраас шинэ намд нэгдээрэй

С.Гандэлгэр
2023/09/25

ШИНЭ намын III Их хурал өнгөрөгч бямба гарагт “Гэрэлт ресторт”-д болж өнгөрлөө. Хуралд 21 аймаг, 9 дүүргийн 700 орчим төлөөлөгч оролцов.

         Намын дарга Ц.Гантулга хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өөрийн гэсэн үзэл санаа, онол, зарчим, тунхагтай намууд л улс орноо авран босгож, дэлхийн хөгжлийг урагшлуулж байсан нь ертөнцийн түүх, улс төрийн шинжлэх ухааны онол юм. Шинэ нам өөрийн “тунхаг” буюу “манифесто”-г бичиж, намынхаа хамт олноор батлуулан Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн, 1990 оноос хойш байгуулагдсан 36 намаас цор ганц тунхагтай, хөгжлийн бодлоготой нам.” гэдгийг онцлон хэлсэн юм.

Тус намын Ерөнхий зөвлөлийн 8 гишүүн хамтран “Шинэ хувьсгал” хэмээх ном буюу намынхаа тунхагийг бичсэн бөгөөд уг номд Монгол улсыг үсрэнгүй хөгжүүлэх онол, философи, зарчим, түүх, туршлага багтжээ.

Ц.Гантулга дарга цааш нь хэлэхдээ “1992 оны Үндсэн хууль батлагдсан цагаас Монгол орон хямарч эхэлсэн. Төр засаг муу ажиллаж байгаа бол, төрийн дээр нам гарч, эрх мэдэлтнүүд авлигад идэгдсэн бол, хонгилын шүүх ажилласаар байгаа бол, байгалийн баялгаа цөлмүүлж, ард түмэн татварын боолчлолд нухлагдаж байгаа бол Үнсэн хуулийн буруу мөн. Учир нь Үндсэн хууль бол төр байгуулдаг цор ганц хууль юм. Америкчууд улс орныхоо 50, 100 жилийн дараах амьдралыг төсөөлөн байж Үндсэн хуулиа бичсэн шиг ШИНЭ намын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, улс орныхоо ирээдүйг лавтайяа 50 жилээр харж бичсэн.” гэлээ.

ШИНЭ намаас боловсруулсан “Их Монгол Улсын Их Засаг Үндсэн Хууль” Үндсэн хуулийн төсөлд дэлхийг хөгжил дэвшлээрээ тэргүүлж буй  10 улсын Үндсэн хуульд туссан дэвшилтэт зарчмуудыг шингээсэн байна.

Ц.Гантулга илтгэлдээ “Улс төрийн нам бүхнийг бүтээж бас устгаж чадна.” хэмээн тодорхойлов. Тухайлбал, Улс төрийн намууд Чарльз, 16-р Луй, Романав нарын хүчирхэг хаадыг цаазалж байлаа. Феодалын нийгэм, капиталист нийгэм, социалист нийгмүүдийг байгуулж, бас устгасан. 1688 оны Английн ялгуусан хувьсгал, 1787 оны Америкийн Үндсэн хуулийн хувьсгал, 1789 оны Францын хувьсгал, 1917 оны Октябрын хувьсгал гээд бүх хувьсгалыг хийж байлаа. Улс төрийн намууд дэлхийн I ба II дайныг өдөөж, бүх ертөнцийг цусан далайд живүүлж байсан. Мөн даян дэлхийд энх тайвныг ч байсан. Тиймээс улс төрийн намыг хязгаарлаж, бас дэмжих ёстой. Дэмжвэл онол, үзэл санааг нь дэмжих ёстой. Улс төрийн намыг зөвхөн улс төрийн нам л ялдаг учраас ШИНЭ намд нэгдэхийг уриалсан юм.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу ШИНЭ хэмээн товчлон бичдэг байсан намын нэрийг тус хурлаар “Шинэ” хэмээн өөрчлөх саналыг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр батлав. Энэ үеэр намын дотоод асуудлыг хэлэлцсэнээс гадна гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна