Ж.Ганбаатар тэргүүтний "Сонгууль үнэртүүлсэн” ахмадын баяр

Zuv.mn
2023/10/02

-Ахмадын баяр сонгуулийн сурталчилгаа болж хувирав-

Сонгууль эхэлжээ. Ахмадын баяр олон нийтээр тэмдэглэх баяр гэхээсээ илүү улстөрчдийн  2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлт гэж харагдахаар улстөржсөн уур амьсгалд болж байна.

СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш сонгогчийн саналыг худалдаж авах зорилготой аливаа үйлдэл хийхийг хориглодог. Тиймээс ч оноос наана болох нийтээр тэмдэглэх баяруудыг эрхэм гишүүд хууль зөрчихгүйгээр санал худалдаж авах сонирхлоо илэрхийлэх сүүлчийн боломж нь гэж харж байгаа байх. 

Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Сонгуулийн тухай хуулиас 5.1.4. ”Сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах” гэсэн заалтыг авч хаясан учраас одоо чөлөөтэй дургина гэж бодож байж магадгүй. Гэвч зарим гишүүдийн явуулж байгаа үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2 /Сонгуулийн сурталчилгаа/-д заасан

-39.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

39.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

39.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

39.2.7.цахим орчин ашиглах зэрэг шинжийг агуулж байна.

Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 39.1 “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэсэн заалтыг зөрчиж байна.  

Нэр бүхий улстөрчид ийнхүү сонгуулийн сурталчилгааны шинжийг агуулсан үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ бэлэг тарааж байгаа бөгөөд бэлэг тараах нь сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа нэг хэлбэр гэдгийг бүгд мэддэг ч хариуцлага ярих хүн нэг ч алга.  

Олны сэтгэлд нийцсэн гэхээсээ илүү “ёох, сонгууль бодогдуулаад...” хэмээн ядаргаа нэмсэн иймэрхүү ажиллагаанд МАН-ын гишүүд голлон оролцов.

"БЭЛЭГ ТАРААЛТ" МОНГОЛ УЛС ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ХӨГЖӨӨГҮЙГ ХАРУУЛЛАА

Баяр ёслолыг далимдуулан сонгогчдыг хахуульдах энэ оролдлого хоёр зүйлийг бидэнд ойлгуулж байна.

Нэгдүгээрт, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс хөгжөөгүй, иргэдийн амьжиргаа улам муудсан юм байна гэдгийг харуулж байна.

Хоёрдугаарт, таны сонгосон гишүүн дөрвөн жилийн дотор хэрхэн баяжсаныг харуулна.

Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжээд удаагүй, лангуун дээр Хятадын өттэй гурил, Сингапур шар тосноос өөр юм байгаагүй тэр үед ч бэлэг сэлт шүдэнз, лаанаас хэтэрч байсан удаагүй.

Гэтэл сонгуулиас сонгуулийн хооронд өгөх хахуулийн хэмжээ нэмэгдсээр сүүлдээ улаан, цагаандаа гарч бэлэн мөнгөөр санал худалдаж авах хүртлээ дордсон. Энэ бол мөн л төрийн эрхэнд гарсан нөхдүүд хэрхэн баяжсан, эс бөгөөс татвар төлөгчдийн мөнгийг үзэмжээрээ зарцуулдаг болсныг харуулна.

Сүүлийн энэ баримт нь өнгөрсөн дөрвөн жилд ч биш, түүнээс ч урт хугацаанд Монгол Улс яагаад хөгжөөгүй вэ гэдгийн тайлбар болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилд ингэх л гэж, иргэдээ атга будаа, аяга гуриланд хөөрч догдлох хэмжээнд аваачихын тулд л ажилласан юм биш үү гэх хардлага төрж байна.

ОДОО ГИШҮҮДЭЭ МАГТАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ

Хүнээс бэлэг авсан хүн мэдээж, баярласнаа илэрхийлэх ёстой. Тэгвэл энэ удаа бид баярлаж талахсан сэтгэлээ урьд өмнөхөөс илүү чангаар, өөрсдөд нь мэдэгдэхүйцээр илэрхийлэлгүй горьгүй. Баярламааргүй байсан ч хүчээр инээхээс өөрцгүй чухал үе учраас тэр. Одоо гишүүд тараасан бэлэгнийхээ үр дүн, хариу үйлдлийг ажиглаж суугаа. Нөлөө үзүүлэхгүй бол сонгууль хүртэл бүсийг маань чангалж мэднэ.

Өгөх бэлгээ чанаржуулах өөр зам байгаа ч МАН юм болохоор “Байхгүй”-гээ түрүүнд тавих нь ойлгомжтой. Тийм ч учраас бэлэг өгсөн эрхэм гишүүддээ ядаж л сэтгэл хангалуун, бэлэг сэтгэлд нь бүрэн нийцсэн юм шиг дүр үзүүлэх нь ирээдүйд хэрэгтэй гэж байгаа юм.   

Манайхан хүнээс юм зүгээр авч сураагүй заавал хариу барьдаг. Үүнийгээ хүнд өртэй байж сураагүй гэх шиг их гоёчилж хэлдэг улс. Гэтэл энэ зан нь улстөрчдийг даврааж, сонгогчдын саналыг худалдаж авдаг хэлбэр рүү оруулчихжээ.

Удахгүй шинэ жил, тэгээд Цагаан сар болно. Уламжлал нь хуулиас дээгүүр чураас Ерөнхийлөгч Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь ялгаагүй бэлэг тараацгаана. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн кампани албан ёсоор эхлэхээс өмнө зар сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Тэгсэн мөртлөө сонгуулийн жил эхлэв үү үгүй юу пи араа хийж, улстөржиж эхэлнэ. Энэ бол эрүүл үзэгдэл яавч биш ээ. 

Улстөрчид “Улс орныг хөгжүүлэхэд улстөржилт саад болж байна” гэж их ярьдаг хүмүүс. Тэгсэн хэрнээ өөрсдөө улс төржих үрийг нь тарьдаг. Иргэд өөрсдөө хэр барагтай л бол улстөржинө гэж байдаггүй л байхгүй юу. Байхгүй л байхгүй юу.

Сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа хуулиндаа “30 хоног” байдаг бол энэ удаа 5.1.4. ”Сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах” гол заалтаа хуулиасаа авч хаяж байгаад хагас жилийн турш бэлэг авч улстөржих нь ээ.

ХЭН, ЮУ ӨГӨВ

Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатар дүүргийнхээ ахмадуудыг хүлээж авч, гарын бэлэг тараав. Энэ ч уламжлал болсон ажил, гэхдээ сонгуулийн өмнөх жил сонгуулийн сурталчилгаа шиг болж хувирдаг ажиллагаа. Энэ удаад ч ялгаагүй, уул уурхайн салбарт баримтлах бодлого, хийх ажил гээд баахан улс төржсөн. Үндсэндээ сонгуулийн сурталчилгаа хийсэн байна. 

Түүнээс биш, баяраараа цуглаж байгаа ахмадуудад уул уурхай ярих ямар ч шаардлага байхгүй. Хууль зөрчих учраас. Гэсэн ч ярьсан байна. Будаа, ургамлын тос, ууттай чихэр тэргүүтэн бэлгийн багцтай хамт хүргэсэн түүний мессеж эздэдээ хүрсэн байж таарна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хаа холын Сэлэнгэд оччихсон ахмадуудад гарын бэлэг тарааж явсан дуулдана.

Ц.Анандбазар гишүүн өөрөө очоогүй ч ажлын алба нь Булганыхаа зарим сумдын ахмадуудыг дутуу юмгүй баярлуулжээ.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.94
    2023/10/03

    Bayrluulsnd bayrtai bn. Amidral hariltsaa heregtei

    Хариулах
  • 202.126.90.147
    2023/10/03

    Tetgeveree 2 say bolgovol beleg gj oilgoy

    Хариулах