Б.Энхбаяр: Цэц маш дутагдалтай дүгнэлт гаргажээ, томилгоо нууц явснаар Монголын хөгжилд гай болж ирсэн

Х.Батсайхан
2023/10/03

УИХ-аас зохион байгуулдаг томилгооны онсгол Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяраас тодрууллаа.   

-Үндсэн хуулийн цэц өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж үзэн тавдугаар дүгнэлтээ гаргасан. Энэ дүгнэлтийг УИХ хүлээж авах уу. Та байр сууриа илэрхийлээч?

-Цэцийн дүгнэлт УИХ дээр цаасан хэлбэрээрээ ирээгүй байсан учраас тааж байр суурь илэрхийлэх боломжгүй байлаа. Өнөөдөр яг цаасан хэлбэрээр нь хүлээж аваад харахад,

Нэгдүгээрт, “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, зөвшилцдөг Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Цэцийн гишүүнийг томилохдоо УИХ нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчиж байна"” гэсэн агуулга яригдаж байна.

Улсын их хурлын өөрийнх нь нэр дэвшүүлж томилдог Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд дээр томилгооны сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Дээрх тухайлсан гурван албан тушаалтнаас Үндсэн хуулийн цэцийн гишүүний тухайд, “Дахин томилогдож байгаа тохиолдолд УИХ-ын зүгээс тухайн нэр дэвшигчийн өмнө нь шийдсэн асуудлуудыг сөхөж, нөлөөлөл үзүүлэх боломжтой” гэдэг нюансыг гаргаж иржээ. Би бол энэ нюанс нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ер нь харж байхад, Шүүхийн томилгоон дээр ч, Цэцийн томилгоон дээр  хэрэг ярих гээд байдаг байхгүй юу.

Өөрөөр хэлбэл, шүүгч рүү хэрэг яриад, “За чи энэ хэргийг яаж шийдсэн бэ” гээд, шүүн таслах ажиллагаа руу нь “халтирч” ороод байдаг гэм бол бий. Тэгэхээр, УИХ-ын гишүүд томилгоон сонсгол дээр нэр дэвшигчээс асуулт асуухдаа хэрэг маргаан руу ордгийг нь хязгаарласан заалтыг хуульд оруулж өгөх боломжтой гэж харж байна. Тэгвэл Цэцийн зөрчил гэж заагаад байгаа шалтгаан нь арилчих юм биш үү гэсэн бодол байна.

Ер нь бол Цэц маш дутагдалтай дүгнэлт гаргасан байна. Хуулийн задаргаа ерөөсөө харагдсангүй. Бусад улсын парламентад явагдаж байгаа томилгооны сонсголуудын судалгаа өргөдөл гаргасан хүнд ч алга, ер яригдаагүй байна.

Гэтэл хууль тогтоогчид бид энэ томилгооны сонсгол гэдэг юмыг хар таамгаар оруулаагүй. Бусад орны маш олон туршлагыг судлаад, олон улсын парламентын холбооны зөвлөмжийн дагуу оруулсан шүү дээ. Өмнө нь бол дандаа гэнэтийн бэлэг байж, “Гэнэт томиллоо” гэдэг шүүмжлэл гардаг байсан. Өмнөх Ерөнхийлөгчийн үед бараг хууль мөн эсэх нь эргэлзээтэй гурван хүн орж ирээд, манай хуульчид Хуульчдын холбооны өмнө жагсаал хийж байсан шүү дээ. “Хуульчид бид энэ хүмүүсийг мэдэхгүй ээ. Салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй ээ. Будын гар хөл болж байсан, тэр байтугай н.Нанзаддорж гэдэг хүн нь төрийн өмчийн хувьчлалыг гардан хийж байсан” гэдэг үндэслэл гаргаж эсэргүүцсэн. Ер нь томилгоо ингэж нууц явснаар Монголын хөгжил, Монголын ард түмэнд гай болж ирсэн. Яагаад гэхээр, Үндсэн хуулийн хамгийн хүч чадал нь юу вэ гэхээр, Монголын хамгийн галтай, Монгол Улсыг урагшлуулья гэсэн асуудлуудыг нурааж байсан.

Одоо Шүүхийн тухай хуулийг батлаад гурван асуудал дээр зүгээр байхгүй, оролдоод л байгаа.

-Цэцийн тухай хуулийг боловсруулах ажлн хэсэгт ажиллаж байгаа О.Мөнхсайхан өөрөө Цэцэд томилогдохоор нэр дэвшиж байгаа нь хэр ёс зүйтэй асуудал вэ?

-О.Мөнхсайханыг би хувьдаа Б.Чимид багшийн дараа орох, шинжлэх ухаандаа үнэнч хүн гэж үнэлдэг.       



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.147
    2023/10/04

    Buh zuil il Tod baidag bolno. Irged hynana

    Хариулах
  • 139.5.219.136
    2023/10/04

    сонсгол хэрэгтэй л байлгүй яахав дээ

    Хариулах