Нийслэлийн АН-ын даргад ГОРИЛОГЧ, фракцуудын төлөөлөл

С.Гандэлгэр
2023/10/09

Ардчилсан намын хуваагдал дуусгавар болж, шинэчлэгдэж эхлээд байгаа. Саяхан ҮБХ-гоо хуралдуулж, С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар томилж, 15 дэд даргатай болоод авсан. Улс төрийн зөвлөл, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо зэрэг бүтцийн байгууллагуудаа ч шинэчлээд авсан. Харин сүүлийн өдрүүдэд Нийслэлийн ардчилсан намын даргын асуудал дотооддоо ихээхэн яригдаж байна. 

Одоо бол хэн нь дарга гэдэг нь ойлгомжгүй. Нэг бол НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа ч юм шиг, нэг бол Э.Бат-Үүл ч дарга нь юм шиг нөхцөл байдалтай байгаа учраас нэн яаралтай шинэчлэх шаардлага үүсээд буй.

Нийслэлийн ардчилсан намын дарга бол том бүтэцтэй, хамгийн нөлөөтэйд тооцогдох албан тушаалуудын нэг. 2024 оны сонгууль ойртсон энэ цаг үед Нийслэлд хэн нэр дэвших, хэн дэвшихгүйг шийдэх том албан тушаал юм. Тэгвэл Нийслэлийн ардчилсан намын даргад гурван хүн горилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар өөрсдийгөө сойж байна. Өөр нэр дэвшигчид байгаа ч хамгийн бодитой нь энэ гурав. Ингэхдээ гурвуулаа Ардчилсан намд томоохон нөлөөтэй фракцын төлөөлөл болон Нийслэлийн намын даргад дэвшиж буй. 

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат - "G" фракц

М.Тулгат БЗД-ээс хэд, хэдэн удаа НИТХ-д сонгогдсон.  АН хагаралтай явахад С.Эрдэнэ талын АН-ын даргаар сонгогдож байсан нэгэн. Нам нь асуудалтай байсан ч сөрөг хүчний дуу хоолойг хүчтэй илэрхийлж, идэвхтэй ажиллаж байсан учраас олны дэмжлэг авах магадлалтай. Түүний хувьд "Од" гэх фракцид байдаг. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой ойр нэгэн бөгөөд олон G-Фракцаас төлөөлөл болон Нийслэлийн АН-ын даргад горилж буй. Түүнчлэн, Японд төгссөн гэдэг утгаараа намын дарга Л.Гантөмөртэй ойлголцож ажиллах бүрэн боломжтой. Л.Гантөмөр ч түүнийг Нийслэлийн АН-ын даргад дэмжих магадлалтай юм. 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт - "МоАХ"

Мөн л БЗД-ээс гаралтай. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Үүнээс  БЗД-т засаг барьж байгаа МАН-ын эсрэг ихээхэн улс төрийн тэмцэл хийж, сөрөг хүчний ажлаа хийсэн гэж болно. Түүний хувьд МоАХ-ны гишүүн. Тийм ч учраас МоАХ-ын дарга Х.Баттулга фракцаа төлөөлүүлэн Нийслэлийн намын даргад Т.Батцогтыг сойж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. МоАХ бол Ардчилсан намд маш том нөлөөтэй фракц, Х.Баттулга бол мөн л том улстөрч. Нэг талаараа түүнийг дэмжих МоАХ-ын нүсэр бүтэц бий. Нөгөө талаараа МоАХ-оос өөр дэмжлэг авахгүй ч байж мэдэх юм. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан - "Нэг ардчилал" 

Сүхбаатар дүүргээс гаралтай. Хэд хэдэн удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2012-2016 оны багт дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Түүний хувьд "Нэг ардчилал"-ын төлөөлөл болж, дэвшиж буй. "Нэг ардчилал"-ын хувьд намын дарга Л.Гантөмөр, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тэргүүтэй улс төрчид багтдаг фракц юм. Мөн Д.Бадарсан Японд төгссөн гэдэг утгаараа ч намын дарга л.Гантөмөр дэмжих магадлалтай. Уг нь 2020 оны орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан ч Засаг даргын ажлыг Х.Болормаа авсныг харвал Д.Бадарсан дүүргийнхээ хоёрдугаар, магадгүй гуравдугаар хүн. 

ЭМ-ийн дэд сайд асан Бодбаатар - "Нэг Монгол"

СХД-ийн Ардчилсан намаас гаралтай НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Сүүлд ЭМ-ийн дэд сайдаар томилогдон ажиллаж байсан нэгэн. Түүнийг  "Нэг Монгол" фракцаас дэмжиж буй. 

"Нэг Монголын хувьд АН-ын зургаан УИХ-ын гишүүн дээр түшиглэн байгуулагдсан фракц. Шинээр байгуулагдсан ч гэсэн УИХ-ын гишүүд дээр түшиглэсэн, олон фракцуудыг нэгтгэсэн гэдгээрээ томоохон нөлөө үзүүлэх фракц болоод буй. 


Энэ сарын сүүлээр Нийслэлийн Ардчилсан намын дарга тодорно. Хэн нь сонгогдохоос шалтгаалан АН-ын дотоод улс төр хэрхэх нь шийдэгдэнэ. Л.Гантөмөрийн томилсон дэд дарга нарын томилгоо харьцангуй фракцуудын эрх ашгийг тэгш хангасан байсан бөгөөд энэ нь ч намын эв нэгдлийг бат бэх болгосон. Харин Нийслэлийн намын даргаар хэн томилогдохоос хамааран 2024 оны УИХ, Орон нутгийн сонгуульд Х.Баттулга, С.Баярцогт, эсхүл шинээр байгуулагдсан "Нэг Монгол" фракцын аль нэг нь томоохон нөлөөтэй оролцох юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.125
    2023/10/09

    Энэ гурав аль аль нь хэрэггүй. Ахмад настай чиг Э.Батүүл хамаагүй дээр өөр нөхөр бол энэ намаас сонгуульд нэг ч хүн гарахгүй бүгд ялагдана.

    Хариулах