​ “Тамхийг хорих нь үйлдвэрлэгч, худалдагч... бас төрд ашигтай”

Zuv.mn
2024/03/07

-Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг 10 жилийн дараа харахад...-

Монгол Улс тамхины эсрэг Тамхины хяналтын тухай хууль хэрэгжүүлээд 10 жил болж байгаа байна. Тамхитай жинхэнээсээ тэмцэхээр зориглосон энэ он жилүүдэд тамхины утаа суунагласан албан газар, баар ресторан үгүй болсон гэх мэт чамгүй дэвшил гарчээ. Гэхдээ, хуулийн хэрэгжилт тал дээр учир дутагдал байна.

Тамхи нь тамхичин этгээд утаагаар дамжуулан бусдыг хордуулах боломжтой гэдгээрээ архинаас ч илүү хортой эд. Тиймээс ч хууль журам гаргаж, хязгаарлалтуудыг тавьж өгсөн. Гэвч 10 жилийн дараа эргээд харахад хэрэгжилт сул, “Хуулийг зөрчих гэж гаргадаг” гэдэг тодорхойлолтод тохирохоор байна.

ТҮЦ-үүдээс тамхи сураглалаа. Зарж байна. 10 жилийн өмнө, хууль дөнгөж гараад шинэхэн, соньхон байх үед тамхи авахдаа “Та тамхи татдаг уу. Тэгвэл тамхинаасаа хэдийг өгөөч” гээд авдаг байв. Тэгэхээр зэрэг худалдагч ах, /эгч/ халааснаасаа тамхи гаргаад л өгнө. Тамхи авсан хүн яаж зүгээр байх вэ, хэдэн төгрөг өгч байгаа юм. Хэдий зөрчиж байгаа ч гэсэн хуулиас бас ч гэж айж эмээж байсны шинж байж.

Одоо харин чөлөөтэй өгөлцөж, авалцаж байна. Үйлдвэрлэгч, импортлогчид ашигтай ажиллаж, Монголд тамхины бизнес хамгийн ашигтай нь болж хувирчээ. Дээр хэлсэнчлэн, ТҮЦ, жижиг дэлгүүрүүд тамхины зөвшөөрлийн араас хөөцөлдөж, зөвшөөрөлгүй ч зарж байна. Хууль ёсны зөвшөөрөл шинээр авахад хэцүү болсон ч олгож л байна.

Хууль хяналтын байгууллагууд ч жижгээсээ том хүртэл энэ бизнест дам байдлаар оролцож, “хөхүүлэн дэмждэггүй” юм гэхэд “нүдээ аниад” байдаг бололтой юм билээ.

Ганц сайн мэдээ гэвэл, тамхитай тэмцээд ялагдаж байгаа улс ганц манайх биш юм байна. Тамхины эсрэг хууль баталсан бусад улс орнуудын ихэнхэд яг л ийм үр дагавар гардаг ажээ.

Хойд хөрш ОХУ манайхтай зэрэг шахам Тамхины эсрэг хууль баталсан. Хууль батлагдсан даруйд тамхины худалдаа, үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өсөж эхэлсэн байдаг.

Учир шалтгаан нь их энгийн. ОХУ хүн амаа тамхидалтаас хамгаалахаас гадна тамхины зах зээлийнх нь 90 хувийг хянадаг British American Tobacco, Imperial Tobacco, Japan Tobacco, Philip Morris зэрэг гаднын компаниудыг хөөн зайлуулах зорилготой заалтуудыг олноор оруулж өгсөн юм байна.

Харин манайх гадаад, дотоодгүй тэмцсэн. Онцгой албан татварыг бараг л жил бүр нэмсэн. Тэгээд төр мөнгөтэй болсон болохоос иргэн ухамсраараа тамхинаас татгалзсан нь хэд бол. Харин ч шинээр цахилгаан тамхи гэж юм ороод ирчихсэн, төр юу хийж байна гэхээр, хуульдаа "цахилган тамхи" гэдэг ойлголт, нэршлийг оруулж, татвар ногдуулах боломжийг бүрдүүлсэн.  

Ер нь, тамхины эсрэг хууль эрүүл мэндийг хамгаалах гэхээсээ илүү эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэйгээр батлагддаг бөгөөд ИРГЭН ӨӨРӨӨ УХАМСРААРАА ХЭРЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗАХГҮЙ Л БОЛ үйлдвэрлэгч, худалдагч, төр гурав л хамгийн ихээр хождог байна.

Тамхитай тэмцсэн түүх

-Европ тивд тамхидалттай тэмцэж байсан анхны тохиолдол 15 дугаар зууны сүүлчээр тэмдэглэгджээ. Х.Колумбийн хөлгийн багийн гишүүн, усан цэрэг Родриго де Херез гэгчийг “Зөвхөн чөтгөр л хамраасаа утаа гаргаж чадна” гэсэн үндэслэлээр шоронд хорьсон байна.     

-1575 онд Испанийн котолик шашны сүмүүд тамхи татахыг хориглох шийдвэр гаргаж байжээ.

- XVII зууны эхээр баруун Европод тамхидалтын талаар асар хүчтэй суртал ухуулга явагдаж, улс болоод үйлдвэрлэгчдэд маш их ашиг өгдөг болсон байна. Энэ үед ганцхан Хаант Орос улс л тамхийг хориглох шийдвэр гаргаж байжээ. Гэвч 80 гаруй жилийн дараа буюу 1685 онд Агуу Петр хаан Англо Виржинийн тамхины компаниас их хэмжээний мөнгөн шагнал авсныхаа дараа энэхүү шийдвэрийг цуцалсан байна. 

-1624 онд хамба лам Наймдугаар Урбан бүх католик шашинтнуудад тамхи татахыг хориглох шийдвэр гаргасан. Үүнээс хоёр жилийн дараа Грекийн үнэн алдартны шашны тэргүүн мөн энэ арга хэмжээг авчээ.

-1761 онд англи эмч Жон Хилл тамхины нөлөөг судалж үзээд эрүүл мэндэд хортой болохыг нь анх удаа тогтоосон байна.

-1828 онд Германы химич Людвиг Реманн, Вильгельм Поссельт нар тамхинаас никотиныг ялгаж авчээ.

-1830 оноос АНУ-д тамхины эсрэг олныг хамарсан тэмцэл эхэлжээ.

-1860-аад оноос эхлэн тамхийг олон нийтэд зориулан их хэмжээгээр үйлдвэрлэх болжээ. Үүнээс өмнө анагаах ухаанд уушигны хорт хавдар гэж ойлголт байгаагүй бөгөөд одоо бол бүх хорт хавдрын 60 хувь нь уушгиных болоод байгаа ажээ.  

-1934 онд Нацист Германд тамхины эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөж эхэлжээ.

-2005 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхитай тэмцэх олон улсын конвенцийг баталжээ. 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна