“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

С.Гандэлгэр
2024/05/16

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль зөрчиж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засагч Р.Даваадорж, эдийн засагч О.Лхагвасүрэн, АН-ын орон нутаг хариуцсан зөвлөх, эдийн засагч Г.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт нь таван их наяд төгрөг бөгөөд энэ нь Монгол Улсын төсвийн тавны нэгтэй тэнцэж байгаа юм. Уг хоршооны таван их наяд төгрөгийн санхүүжилтийг монгол банкны эх үүсвэрээр олгож байгаа нь Монгол Улсын эдийн засгийн гол хууль болох төсвийн тухай хуулийн зарим заалт, Монгол банкны тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн гэж эдийн засагчид үзэж байна. Энэ нь Монгол Улсын төсөвт зардлын ачаалал үүсгэх, инфляцыг өдөөж, үнийн хөөрөгдөл бий болгох, улмаар Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засагч Р.Даваадорж: “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол банкны эх үүсвэрээр таван их наяд төгрөгийг төсөвлөсөн нь байж боломгүй үйлдэл. Энэ нь улсын төсвийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний их мөнгө. Эрх баригчид сонгуулийн өмнө ард иргэдийн зовлон, малчид хүнд нөхцөл байдалд байгааг ашиглан маш их хэмжээний мөнгийг хэвлэн гаргаж байна. Манай орон шиг жижиг зах зээлд их хэмжээний мөнгө гаргах нь инфляцыг өдөөж, үнийн хөөрөгдөл бий болгох, аж ахуйн нэгжүүд хаалгаа барих эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс эдийн засагчийнхаа хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргасан.

Эдийн засагч О.Лхагвасүрэн: 2008 онд Монгол Улсад санхүүгийн хямрал болсон. Энэ нь даамжирч эдийн засгийн хямралд хүргэсэн. Уг хямралын гол учир шалтгаан нь тухайн үед хадгаламж зээлийн хоршоо нэртэйгээр их хэмжээний зээл гарснаас үүдэн санхүүгийн салбарт томоохон хямрал үүсэж, хэд хэдэн банк дампуурч байсан түүхтэй. Тиймээс энэ түүхийг дахин давтахгүйн тулд санхүүгийн салбар маш хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл таван их наяд төгрөгийн санхүүжилттэй “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсын төсвийн зардлын ачааллыг үүсгэж байна. Жишээлбэл, таван их наядын хүүгийн зөрүүг 10 хувиар бодоход 500 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүү үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс гадна ипотекийн зээл, хүнс үйлдвэрлэгчдэд зориулсан зээл гэх мэт 5, 6 хувийн хүүтэй зээлүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нь ирэх жилийн улсын төсөвт хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн зардлын нэмэлтийг үүсгэнэ гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

АН-ын орон нутаг хариуцсан зөвлөх, эдийн засагч Г.Ганбаатар: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол шинэ зүйл биш. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монгол Улсын Засгийн газрын 95 дугаар тогтоолоор “Хөдөөг хоршоожуулах аян” гэж зарлаж байсан. Харин энэ удаад “Шинэ хоршоо” хөдөлгөөн байгуулах Засгийн газрын 166 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолууд зорилгын хувьд бол ижил. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө малчдын саналыг авах л зорилготой. Манай улсад 4600 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 670 орчим нь маш сайн гэсэн үнэлгээтэй хэвийн ажиллаж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар шинэ хоршоо байгуулсан нь хуучин хоршоодын нэр хүндийг унагах, эргэлзээ төрүүлэх, малчдын хоршоонд итгэх итгэлийг бууруулж байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Эрх баригч нар сонгуулийн өмнө улсын эдийн засгийг сүйрүүлэх худлаа амлалтуудаа болих хэрэгтэй. Иргэд, малчид худлаа амлалтуудад авталгүй, эдийн засагч, хуульчдын үгийг сайтар сонсож, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэх эсэхээ сайн бодоорой гэж Ардчилсан намаас уриалж байна. 2022 оны байдлаар 100 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Энэ нь өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. 2022 оны УИХ-ын сонгуулиар МАН 21 аймагт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн амлалт өгсөн. Гэтэл нэгийг нь ч биелүүлээгүй. Харамсалтай нь дахиад л сонгуулийн өмнө худал амлалтуудаа яриад зогсож байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.34
    2024/05/18

    Манай том том эдийн засагчид энэ талаар санал сэтгэгдэл тавиагүй байхад л эдийн засгийн мэдлэг маруухан нөхдүүд шүүрч аваад усан амал элдэв юм бичиж эхлэх юм

    Хариулах