Сонгуулийн маргааш “Татаж дууссан тамхины иш шиг” хаягдахаа мэдэхгүй “Нам, нам” гэж гүйх иргэд хөөрхий

Zuv.mn
2024/06/17

Монголчууд нутгархах гэдэг эмгэгээсээ салчихвал хөгжинө гэсэн гаргалгаа бий. Одоо үед бол намчирхах эмгэгээ эдгээвэл байгаагаасаа дээрдэх төлөв ажиглагдаж байна.

Хөдөөд намчирхал хэтэрч, сонгуулийн үеэр бол эхнэр нөхөр хоёр хүртэл нэг оронд багтаж шингэхээ больж буй.

Нэгэн жишээ. Хөдөөгийн нэгэн суманд арван жилийн нэг ангийнхан уулзжээ. Зуны дэлгэр цагт уулзах нь мөн ч сонгуулийн жил таарсан юм санж. Ингээд бүгд л гэм хийчихсэн юм шиг гэлбэлзэж, зарим нэг нь “Яана даа. Намайг та нартай уулзсан гэвэл намын үүрийнхэн маань үзэхгүй байх даа. Эсрэг намын тагнуул байна гээд хөөж ч магадгүй. Тэгвэл би чинь амьдралгүй болно” хэмээн санааширсан гэдэг.

“Амьдрал ярьдаг нь ч юу вэ” гэж бодогдож байгаа биз. Тэгвэл үнэхээр байдал иймдээ тултал хурцадчихаад байна. Хөдөөгийн суманд “Улаан”, “Цэнхэр” эзэдтэй дэлгүүр, үйлчилгээний газрууд байдаг. Сонгуулийн үед бол “Улаан” эзэнтэй дэлгүүрт “улаан” хүмүүс л орно. Цэнхэр дэлгүүрт мөн адил. Өөр өнгөтний үйлчлүүлдэг дэлгүүрт орж гэмээ нь, дэгсдүүлж хэлэхэд муудсан бараа авах юм уу жин дээр ”ажиллуулах”, өөрсдийнхөндөө адлуулж, шаарлагдах эрсдэлтэй. Сонгууль дөхөөд ирмэгц л намын үүрүүд идэвхжиж, хүмүүсээ өнгөлөөд зүслээд эхлэх нь тэр. Дараа нь талцаад өөр намын гишүүн дэмжигчтэй гар барих ч хориотой болж хувирна. Хөдөөд бэлэн мөнгө ховор байдгийг бүгд л мэднэ. Намын сурталчилгаанд ажиллаж хэдэн төгрөг олно гэсэн хөөрхий авгайг “Охин нь өөр намынх юм гэнэ лээ. Ажиллуулбал нууц задруулна” гэхчлэн улалзтал муулаад хөөгөөд явуулдаг болсон бодит жишээ байна. Нам гэж хүнд мэдэгдэж болдоггүй яасан ч их нууц ажиллагаа зохион байгуулдаг газар юм бэ.

Эхнэр нөхөр хоёр өөр өөр намыг “балиашигласан” тохиолдолд бүр ч харамсалтай үр дүн гарна. Уг нь хүн үзэл санаа, улс төрийн чиг баримжаараа намаа сонгож гишүүнээр элсдэг болохоос эхнэр авдаггүй. Гэтэл намчирхал хэтэрснээр улс төрийн үзэл бодол таардаггүй хүнтэй хэчнээн хайртай байсан ч дэр нэгтгэдэггүй уламжлал тогтох шинжтэй. Төрийн эрхийг нэг нам ноёрхож байх үед намчирхлаас болж олон гэр бүл салж сарнисан юм гэдэг. Тэд гэр бүлийн товчоонд гаргасан өргөдөлдөө ихэвчлэн “Үзэл бодол таараагүй” гэх тайлбар дайдаг ч эхэнд нь “Улс төрийн” гэдэг үг нэмчихвэл илүү шударга болно.

Аваргын энтэй арслан Маамын Лхагваа гуай 1939 оны наадамд “Эрээн хавиргат” хэмээн алдаршсан Баатарын Төрбат арсланд “Чи баруун тийшээ харж барилд, би зүүн тийшээ харж барилдья” гэж хэлж барилдаад буруудсан гэдэг. Тэр үед нутгархлаас болж хэлмэгдсэн юм билээ. Одоо харин нутгархах дээр нэмэгдээд намчирхах гэдэг айхтар “эмгэг” нэмэгджээ. Өнөө үед бэлтэй айлууд үр хүүхдүүддээ “Чи МАН-ыг дага, чи АН-ыг бараад” гэж хуваарилдаг ч байдал ажиглагдах болов.     Намчирхал гэж ийм л балагтай эд. Буурь суурьтай харагддаг ч цаанаа л хүйтэн улстөрчдөд татаж дууссан тамхины иш шиг хаягдахаа мэдэхгүй “Нам, нам” гэж гүйх иргэд үнэхээр хөөрхийлөлтөй байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.242
    2024/06/17

    нам гэж гүйгээгүй хэдэн халтар төгрөгний төлөө л гүйдэг шүүдээ. сонгуулийн дараа мөнгөө авах гэж дайн болдог биз дээ.

    Хариулах