Улс төрийн ухааны доктор, (Ph.D) Э.Саранцэцэгтэй ярилцлаа.
Монгол залуусын амьдралын гол зорилго, мөрөөдөл нь гадны аль нэг улсад очиж суралцах болжээ. Жил ирэх тусам л гадаад руу хөврөх залуусын тоо өссөөр байна. Ийнхүү туйлшрах болсон нь юутай холбоотой юм бэ?
-Монголд амьдрахад эрүүл аюулгүй, амьдрах баталгаа нь хангагдсан, боловсролын чанарын ялгаа гардаггүй бол залуус эх орондоо л байхыг хүснэ. Харамсалтай нь Монголд сурсан мэдлэг нь үнэлэгдэхгүй, гадны аль нэг сургуульд сураад ирвэл илүү үнэлж, дотоодын их дээд сургуульд суралцаж төгссөн хүнээс илүү дээгүүрт эрэмбэлээд байхаар гадагшаа хөврөх нь аргагүй.
Манай улсын их, дээд сургуулиудын боловсролын чанар, хүртээмж илүү сайн байсан бол тэр болгон залуус гадны улсыг зорихгүй
байх. Миний хувьд ч гэсэн дотоодын сургуульдаа сураад тэр нь дэлхийн жишигт хүрч үнэлэгддэг байсан бол заавал гадагшаа сурья гэхгүй байсан. Өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшье, илүүг мэдэж сурая гэсэндээ л явсан.
Гадаадад сурахын давуу талыг бид олонтаа ярьдаг. Тэгвэл сул тал нь юу байдаг вэ. Та гадаадад суралцаж төгссөн хүний хувьд энэ талаар илүү бодитой зүйл хэлж чадах байх.
-Ихэвчлэн хүмүүс гадаадад суралцахын давуу, сайхан талыг ярьдаг. Аливаа зүйл хоёр талтай байдаг учраас сул талууд цөөнгүй бий л дээ. Мэдээж сайн сайхан, давуу тал зөндөө. Гэхдээ одоо нөгөө талыг нь ярья. Залуус маань шат шатны боловсрол эзэмшихээр явж байна. Гэхдээ сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд бакалаврт суралцахаар явах залуусын тоо өссөн. Үүнийг дагаад олон асуудлууд гарч байгаа. Аль ч оронд очсон бид хүний хэл дээр хичээлүүдээ үздэг. Тухайн мэргэжлийн үг хэллэгүүдээ өөрийн хэл дээрээ буулгаж авч чадахгүй үе олон тохиолддог. Багшийн хэлж байгаа үгийн юансыг ойлгохгүй үе ч байна. Үүнээс болоод тухайн мэргэжлийн суурь ойлголтоо дутуу хүлээж авах нь бий. Мөн залуус гадагшаа суралцаж ирээд буцаад Монголдоо ирэхдээ хөрсөн дээрээ бууж, сурсан мэдснийнхээ үр шимийг гаргах ёстой болдог. Гэтэл яг бодит хөрсөн дээрээ бууж чаддаггүй хүмүүс байдаг. Дөнгөж төлөвшдөг насан дээрээ гадны оронд сурчихаар Монгол орчноосоо хөндийрөөд ойлгож чадахаа больчихдог. Дээрх хүчин зүйлүүдээс болоод Монголд ажиллах, амьдрах сонирхолгүй болдог.
Ер нь гадны хэл дээр сурна гэдэг тухайн улсын оюутны гаргаж байгаа хүчин чармайлтыг хоёроос гурав дахин хэмжээний хичээл зүтгэл гаргах ёстой болдог гэдгийг залуус маань ойлгох хэрэгтэй болов уу. Гадны оронд сурснаараа залуу нас, хөрөнгө санхүүгээ золиослох хэрэгтэй болдог. Олоод байгаа юм шиг боловч алдаж байгаа зүйл маш их бий. Жаахан хэтрүүлж хэлэхэд, би гадаадад таван жил сурахдаа “доктор зэрэг олгов” гэсэн хоёр цаастай л ирсэн байна. Түүнийхээ ид шидийг гаргах нэгэн байхад хэргийг гаргаж чадахгүй шүүгээндээ хадгалах нь олонтаа байдаг. Гэтэл эх орондоо байсан миний үеийнхэн аль хэдийнэ амьдралаа зохиож, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлчихсэн байдаг. Эцсийн эцэст доктортой докторгүй л амьдарч л байгаа юм л даа. Хүн болгоны амьдрах арга, зорилго өөр тул заавал гадаадад суралцах, доктор болох албагүй. Гэхдээ хүн боловсролтой байх нь нийгмийн хөгжилд олон талын үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Төлөвшиж амжаагүй, ээж аавынхөө өврөөс шууд хүний нутагт оччихоор сэтгэл зүйн хувьд ч хүнд цохилт болдог байх. Энэ нь залуусыг зорилгоосоо хазайхад хүргэдэг байх?
-Тэгэлгүй яахав, нийгмийн болоод сэтгэл санааны олон хүчин зүйлийг давах ёстой болдог. Тэрхүү шокоо давж чадахгүй гол зорилгоосоо хазайсан залуус цөөнгүй байдаг. Миний хувьд БНСУ-д сургууль төгссөн. Та бүхний мэдэж байгаачлан БНСУ-руу монголчууд маш их явдаг. Ялангуяа ямар ч судалгаа, бодит байдлын дүгнэлт, эргэцүүлэлгүйгээр гадаадад л сурвал болно гэсэн зорилго тээн бүх юмаа зориулж яваад мэдэхгүй, танихгүй орчинд очоод сэтгэл санааны хямрал болоод нийгмийн өөрчлөлтийн цохилтыг давж чадахгүй буруу замаар орсон хүүхдүүд маш их байсан.
Гадаадад суралцахдаа тэтгэлэг авч чадахгүй бол тэр хүн ажил хийж байж л мөнгө олох ёстой болдог. Миний анзаарснаар ихэнхи залуус ажил хийж олсон мөнгөө сургуульдаа тушаагаад түүнийхээ хариуд визээ сунгуулдаг. Сурахын төлөө биш визээ сунгуулахын төлөө л амьдраад байгаа учраас тэр хүнд сурсан мэдлэг гээд байх зүйл байхгүй. Чанартай мэдлэг хуримтлуулж байна уу гэвэл үгүй л гэж хэлмээр байна. Тэгэхээр Монголдоо эх хэлээрээ хичээгээд сурах гадаадад сурах хоёрыг заримдаа дэнслээд үзэх хэрэгтэй. Гэхдээ би гадаадад суралцсан бүх хүн ийм байдаг гээд тэдгээрийг үгүйсгэж байгаа юм биш, нөгөө талаас сул тал нь бас ийм байна гэж хэлж байгаа юм.
Гадаадад л сурсан бол нэгт, дотоодод сурсан бол хоёрт болчихоод байгаа нь үнэн шүү дээ.
-Гадаадад сурсан хүн болгон чанартай мэдлэг хуримтлуулж байгаа гэж үзэх нь өрөөсгөл юм л даа. Монголдоо суралцаад төгссөн оюутныг гүйцэхгүй тохиолдол цөөнгүй бий. Гадаадад сурсан л бол тэргүүн эгнээнд жагсаагаад байж болохгүй. Тодорхой шалгуур үзүүлэлтүүд байх ёстой. Мэргэжлийн шалгуур үзүүлэлтүүдийг харж байж үнэлэх ёстой.
Гэлээ ч бид гол баялаг болсон чадварлаг боловсон хүчнээ алдсаар байгаа нь маргах аргагүй үнэн. Нэгэнт гадны улсыг зорьсон хүмүүс тэндээ шингэхийг л илүү үздэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Бид залуу боловсон хүчнээ яах аргагүй алдаж байгаа. Дээр дурьдсанчлан багаасаа гадаадад суралцаад, амьдраад дасчихсан болохоор Монголд суурьшина гэдэг хүнд сорилт болдог. Тиймдээ ч сурсан мэдснээ гадны аль нэг улсыг хөгжүүлж, зах зээлийг нь эргэлтэд оруулахад зориулж, хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Тэндээ багагүй хугацааг өнгөрүүлсэн хүн амьдралаа зохиож, тэндээ суурьших нь ойлгомжтой. Нэгэнт гэр бүлтэй болчихсон хүн үр хүүхдээ илүү таатай орчинд амьдруулж, нөгөөх л дэлхийд үнэлэгдэх боловсролыг багаас нь олгохыг хичээж харь оронд амьдрах замыг эргэлт, буцалтгүй сонгодог. Энэ хэрээрээ л бид ажиллах хүчээ алдаж, чадварлаг залуусынхаа нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйд хүрч байгаа юм. Үүний үр дүн түрүүчээсээ харагдаад эхэлж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, манай улс хүний нөөцийн асар их дутагдалд орсон.
Тэгвэл гадагшаа чиглэх залуусын энэ цувааг яаж зогсоох вэ. Залуусаа Монголдоо тогтоохын тулд яах ёстой вэ?
-Бид баялаг болсон монгол хүнээ гадагш нь алдахгүйн тулд нэн тэргүүнд боловсролдоо л анхаарах хэрэгтэй байна
. Боловсрол хийгээд хүний хөгжил рүүгээ анхаарсан улс улам дэвжин, дээшилж, урт удаан хугацааны турш хөгжиж чаддаг. Боловсролтой хүн эдийн засгийн хувьд хараат бус, тогтвортой байдаг төдийгүй эрүүл мэнддээ бусдаас илүү анхаарч зөв амьдрах хэвшлийг дадлыг өөртөө суулгасан байдаг. Улмаар боловсролтой-эрүүл хүн тухайн улсын хөгжлийн түлхүүр болж байгаа юм. Тэгэхээр аливаа улс хөгжье л гэвэл хүнээ хөгжил, боловсролын тогтолцоогоо анхаарах хэрэгтэй.
Гэтэл манай улсын боловсролын тогтолцоо ерөнхий том дүр зургаараа хэвийн мэт харагддаг хэдий ч гүйцэтгэл, хэрэгжүүлэлт, хяналт дээр доголдолтойн Өөрөөр хэлбэл боловсролын дэд системүүд бүрэн утгаараа хямарчихсан. Үүнийг хэн хэрэгжүүлж, гүйцэтгэж байна вэ гэвэл монголчууд бид нар л хэрэгжүүлж байна. Тэгвэл яагаад бид хэрэгжүүлж байгаа хирнээ доголдооод байгаа юм гэсэн асуулт ургана. Үүнийг л боловсролын тогтолцооны гажуудал гээд байгаа юм. Бид аливааг шат бүрээр нь эмх цэгцтэй, жин тан, хариуцлагатай хийдэггүй. Яагаад гэвэл ямар нэгэн нэгдсэн төлөвлөгөө, стандарт байдаггүй. Байсан ч түүнийгээ дагаж ажилладдаггүй, цаасан дээр үлдээсэн тунхагийн шинжтэй байдаг. Зүгээр л яг одоо гэсэн дээд шатны байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлэх төдий өнөө маргаашаа аргацаасан, гал унтраах технологиор ажилладаг нь аливаа тогтолцоог хямралд оруулдаг. Бид нар боловсролтой, хариуцлагатай бол хэн нэгнээс хараат бус байж, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандах байсан гэвч тийм байж чадахгүй байгаа учраас энэ систем доголдоход хүрлээ.
Үүний шалтгааныг багш нарын цалин, хангамжтай холбож ойлгож болох уу?
-Болно. Багш нар хангалттай цалинтай бол өөр бусад зүйл рүү анхаарал хандуулахгүй. Дээрээс нь чадварлаг залуус багш болохын төлөө өрсөлдөнө. Тэд багш болчих юм бол цалин өндөр, хангамж сайтай ажлаа алдахгүйн тулд өөрсдийгөө улам хөгжүүлж, илүү сайн ажиллахын төлөө зүтгэнэ. Гэтэл өнөөдөр багш нарын цалин төдийлөн хангалттай биш байна. Тиймдээ ч багш нар нэмэлт орлого олохын тулд өөр ажил хийдэг. Юун тэр судалгаа, шинжилгээ, өөрийгөө хөгжүүлэх тэр тухай бодох ч цаггүй, хажуугаар нь захиргааны болсон болоогүй ажилд дарагдана. Тэр захиргааны ажлыг хийдэг тусдаа хүмүүс байх хэрэгтэй ш дээ. Суралцагчидтай л тулж ажиллаж байх ёстой хүн давхар орлого олохын төлөө санаагаа чилээгээд байж байдаг. Энэ нь бас сургалтын систем алдагдах том шалтгааны нэгж болж байгаа юм. БНСУ-д гэхэд их, дээд сургуульд таван жил багшилсан хүнээ нэг жил цалинтай амраадаг. Энэ хугацаандаа судалгаа, шинжилгээний ажлаа хийгээрэй гээд цалинг нь олгодог. Нэг ёсондоо хөгжих, дэвжих боломжоор хангаж өгдөг гэсэн үг. Мөн ЕБС-ийн багш бүрт туслах багш байдаг. Сайн хөгжсөн багш оюутан, сурагчдадаа ямар хэмжээний мэдлэг олгох вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ.
Түүнчлэн бид хүүхдийг багаас нь төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Бүр эхийн хэвлий, цэцэрлэгээс нь эхлээд хүн байхын утга учрыг ойлгуулан, амьдралын анхан шатны ойлголтыг өгөн төлөвшүүлэх хэрэгтэй
. Мөн бүтээлч сэтгэлгээг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах ёстой юм шиг санагддаг. Тиймээс бид хөгжингүй Монгол улсыг цогцлооё гэвэл боловсролын тогтолцоондоо хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгөө зарах хэрэгтэй. Гадны аль нэг орны загварыг хуулбарлах биш өөрийн орны онцлогт тохирсон загварыг судлан шинжилсний үндсэн дээр бүр багаас нь, сууриас нь эхэлж өөрчилж байж бодитой үр дүн гарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна