Индонезид Сама /заримдаа бажау /Bajau/ ч гэнэ/ гэж омог бий. Хүмүүсийг нь самачууд гэнэ. Тэд бол ерөнхийд нь “бажао” гэж нэрлэдэг, далайг түшиглэн амьдрагч ард түмний нэг эд, эс нь юм. Бүх л амьдралынхаа турш завь хөлөглөн нэг арлаас нөгөө аралд шилжин амьдардаг тэдэнд эх орон, уугуул нутаг гэж үгүй.
Сонирхолтой нь, 2004 оны аймшигт цунамид хамгийн түрүүнд өртөх ёстой хүмүүс нь тэд байсан ч Энэтхэгийн далайн гүнд загасчилж явсан учир аюулаас холуур өнгөрсөн гэдэг. Үүссэн цагаасаа эхлэн ийм маягаар амьдарч ирсэн энэ омгийн хүн ам эдүгээ маш цөөрчээ. Амьдралын хосгүй нэгэн хэв шинжийг хадгалсан энэ ард түмэн сүүлийн үед уламжлалт хэв маягаа орхиход хүрчээ.
Өнгөрсөн зун Индонезийн Жакарта хотод болсон байгаль орчныг хамгаалах эрдэм шинжилгээний бага хурлын хэлэлцсэн гол асуудлын нэг нь бажао буюу далайн цыган омгийнхныг хамгаалах асуудал байсан юм. Зүүн Калимантан мужийн цагдаа нар Берау дүүргийн нутаг дэвсгэр дээр байсан 100 гаруй лима хүнийг “Цагаачлалын хууль”-ийг зөрчсөн гэсэн шалтгаанаар баривчлан хорьсон тохиолдол гарчээ. Уг нь бол лима омог Берау мужийн арлууд дээр жилийн хэсэгхэн хугацаанд байгаад л нүүж оддог байсан юмсанж. Тиймээс тэднийг баривчилсан нь байгаль хамгаалагчдыг дургүйцлийг тун их төрүүлсэн аж.
Сама хүмүүс бүгд маш сайн шумбагчид байдаг.
“Самачууд бол завиар нүүдэллэн амьдарч ирсэн уламжлалтай үндэстэн. Тэдэнд буруу байхгүй. Тэд паспорт, иргэний харьяалал гэж мэдэх ч үгүй” хэмээн Берау мужийн нийслэл Самаринда хотын удирдах албан тушаалтан хэлсэн юм. Байгаль хамгаалагч, угсаатны зүйчид Зүүн Калимантаны Засаг захиргаанд хандан “далайн цыган”-уудыг суллахыг шаардсан өргөх бичиг хүргүүлжээ. Филиппиний зүүн хэсэгт орших Сулу хэмээх бүлэг арлаас завь хөлөглөн далайд гарсан энэ омгийнхон сүүлийн хэдэн зуун жилийн турш Номхон далайн арлуудаар тэнүүчлэн аж төрж байгаа юм. Самачууд эхлээд Малайзын Сабах мужийн арлуудыг дамжин амьдардаг байсан ч яваандаа хэд хэдэн хэсэг салж, Индонезийн арлуудаар амьдрах болсон юм. Тэдний “нутаг дэвсгэр” дээр өгүүлсэн Малайзын Сабах мужаас гадна Индонезийн Калимантан мужийн хойд талын арлууд багтдаг юм. Далайн эргийн ойролцоо загасчлан амьдардаг энэ ард түмний нүүдэл үргэлжилсээр л байна. Тэдний тоог ойролцоогоор нэг сая орчим гэж үздэг ч чухам хэд болохыг хэн ч мэддэггүй ажээ.
ХҮН АМ
Нийт 1.093.672+ орчим. Үүнээс Филиппинд 470 мянга, Саба, Малайз орчимд 436 мянга гаруй, Индонезид 175 мянга, Бруней орчимд 12 мянга гаруй.
СУУРЬШЛЫН БҮС
Филиппин: Сулугийн шүрэн арлууд, Замбаонга, Пенисула, Давао дел Сур, Минданао арал.
Малайз: Саба
Индонези: Калимантан, Сулавеси, Лессер Сунда арлууд, Молуккийн хойг, Кангеан арлууд.
Бруней: Арлын эргэн тойронд
ХЭЛ
Синама, бажау, таусуг, замбаонгено, чавакано, себуано, тагалог, малай, индонези, англи
ШАШИН ШҮТЛЭГ
Лалын шашны суннит урсгал, анимизм, Христ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.95
Gem horgui nuudeliin shuvuu shig amidaraltai humuus bna er ni hamgaalaltand avah ni zov
Хариулах