ХОЁР ХУВЬ.
Энэ бол дэлхийн нийт ураны нөөцийн Монгол Улсад хамаарах хэсэг нь. Австрали, Казахстан, Канад, ОХУ-ын дэргэд бага тоо ч дэлхийд эхний 10-т орох үзүүлэлт. Гэхдээ албан ёсны нөөц биш гэдгийг энд тодотгоё. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордод илрүүлсэн нөөцийн хэмжээ. Толгой компани нь уран олборлолт, ашиглалтаар дэлхийд тэргүүлэгч “Орано майнинг”. Францын Төрийн өмчийн групп. Үндсэндээ 1996-1997 оны шилжилтийн нийгмийн үед Азиийн хоёр улсад ураны хайгуулыг зэрэг эхлүүлснээс өдгөө Казахстан энэ салбарынхаа том тоглогчийн эгнээнд шилжиж, харин Монгол Улс нэн шинэ түүхийн гараанд тулж ирлээ.
Энэ хүртэл асар их дотоод, гадаадын эсэргүүцэл, хардлагатай нүүр тулсан ураны төсөл Францын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалын үеэр албажсан нь жил гаруйн өмнө. Манай улсын Төрийн тэргүүний зүгээс ч аравдугаар сард нь Францад айлчилж, уран олборлох, цөмийн эрчим хүч гаргаж авах асуудлаар Төрийн хамгийн дээд түвшиндөө харилцан гар барьснаар эл төсөл эдийн засгийн эргэлтэд орох нь тодорхой болсон юм. Улмаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлснийг гишүүдийн олонхи дэмжээд байна. Өөрөөр хэлбэл, ураныг олборлож, ашиглах гэхээсээ хязгаарлаж, хориглосон заалтыг 2009 онд албан ёсоор хуульчилснаас хойш 15 жилийн дараа анх удаагаа шийдвэрээ эргэж харахаар болсон нь энэ.
Ингэхдээ хөрөнгө оруулагчдад хамгийн халтай заалт болох 33.1 дэх хэсгийг өөрчлөхөөр болж байх шиг. Уг заалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зэвсгийн зориулалттай цөмийн материалыг боловсруулах, үйлдвэрлэх, бусад аргаар олж авах, эзэмших, хадгалахыг хориглодог. 8 бүлэг, 51 зүйлтэй эл хуульд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулсан байдаг. Гагцхүү Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс ирэх онд хэрэгжүүлэх дөрвөн төслийн нэг болох ураныг гацаанаас гаргахын тулд хуульдаа салхи оруулахаар болсон нь улс төр талаасаа томоохонд тооцогдох шийдвэр.
Хэрэвзээ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ирэх жилээс ураны төслийг “Орано майнинг”-тай хамтран хэрэгжүүлсэн тохиолдолд урт хугацаандаа Зүүн хойд Азид ашиглалтад орох хамгийн том бүтээн байгуулалтыг Монгол Улс Францын дэмжлэгтэйгээр Дорноговь аймагт цогцлоох юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төсөв төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой. Үүгээр зогсохгүй Оюу Толгой, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй стратегийн орд газрын тоо уран гэсэн агуулгаар баяжиж, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний дэд бүс” болгох УИХ-ын 64 дүгээр тогтоол бодитоор ажил хэрэг болно.
Эцсийн дүндээ энэ төслийг явуулах, хуулийн хоригоо цуцлах нь 126 гишүүнтэй анхны парламентын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал. Энэ төслийг явуулах, эрчим хүчний реформыг эхлүүлэх, эдийн засгаа эрчимжүүлэх эхний алхмыг тэд, тэдний гаргах шийдвэр дэнсэлнэ гэсэн үг. Тэдний эх оронч байх эсэх нь энэ төслөөс шууд хамаарна гээд байгаагийн учиг энэ.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ЯМАР ЗОХИЦУУЛАЛТ ТУСГАВ:
-Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох;
-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох;
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаа, хяналт мониторингод зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах;
-Хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөх;
-Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх;
-Цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр 0-130 ам.доллароор ангилж, 0-9 хувь хүртэл нэмэгдүүлж тооцох;
-Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох.
С.Сүлд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.210
ingeed shn ym yriad ehldeg getel tsaanaa erh medeltenguud gadnii shunaltanguudad biee hudaldaad ehleh n gem bish zan bolson shuu ! Bagabanid nar yalaa ted 2dagch gesen nam bolon huuliinhnii ashiglan ulsiin baylagiig tonon luivardsaar udiig hurlee bish uu !
Хариулах