Үндэсний үйлдвэрүүдээ дампууруулж, ОХУ-аас хараат болгох ТӨРИЙН АЛДААТАЙ БОДЛОГО

С.Гандэлгэр
2024/12/12

Монгол Улс тун удахгүй Евроазийн  эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр гэрээ хийх асуудал нийтэд ил болж, олны анхаарлыг багагүй татаад байна.  

ЕВРОАЗИЙН эдийн засгийн холбоо

Тус холбоог ОХУ-ын санаачилгаар анх байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Армени, Беларус, Казакстан, Киргиз, ОХУ гээд нийт таван улс багтдаг. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр гэрээ байгуулснаар тус байгууллагын гишүүн улсуудтай 375 нэр төрлийн бүтээгдэхүүн харилцан татваргүй буюу татварын хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаа хийх боломж бүрдэнэ. Нэг талаар экспортын боломж нэмэгдэх ч нөгөө талд дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ гаднаас авч, импортыг эрчимжүүлнэ гэсэн үг. 

Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр, Монгол Улс мах, арьс шир, арьс ширэн бүтээгдэхүүн  зэрэг дээр экспортоо тэлэх боломж бүрдэнэ. Мөн ХАА-н гаралтай сүү, цагаан идээ, малын гаралтай өлөн, гэдэс дотор, өөх тос, чацаргана, төмс гэх мэт “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрт туссан нийт 633 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-50 хувийн гаалийн татваргүйгээр гаргах боломж бүрдүүлнэ гэж байгаа. Гэвч сайн ажиглавал манайхаас гарч буй экспортын дийлэнх нь түүхий эд байх нь. Харин орж ирж байгаа нь дандаа өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнүүд. Энэ бол манай улсын дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүд биднээс илүү олон жил хөгжиж хөл дээрээ тогтсон, өөрөөр хэлбэл дэмпинг хийх хангалттай нөөц боломжтой ААН-үүдтэй шууд утгаараа өрсөлдөөнд орно гэсэн үг. 

Гэтэл манайд Дэмпингийн хууль буюу хамгаалалт байхгүй. ААН-үүд нь сул дорой, өрсөлдөөнийг удаан тэсвэрлэх боломж хомс. Энэ нөхцөл байдал түр ч гэсэн их гүрний нөлөөнд автах эрсдэл дагуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа том асуудал юм.

Гадаад худалдааны алдагдал 

Чөлөөт худалдааны гэрээ бол үйлдвэрлэл сайтай, техник технологи өндөр хөгжсөн улс нь илүү хождог механизм. Нөгөө тал нь нэг бол түүхий эд нийлүүлэгч, нэг бол хэрэглэгч орон л болно. Мөнгө олох ч үйлдвэрлэл хөгжих боломж багасдаг гэсэн үг. Гэтэл манайх гашуун сургамжаараа /хоёр хил хаалттай цар тахлын нөхцөлд/ ядаж хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавиад хэрэгжүүлж байгаа улс. Энэ эрх ашгийг мөнгөөр солих боломжгүй. Гэтэл Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр гэрээний жагсаалтыг хэтэрхий өргөн хүрээтэй байгуулснаараа манайх түүхий эдээ зарахын тулд өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбараа эрсдэлд оруулж байна. 

Евроазийн эдийн засгийн холбоо манайхыг бодвол үйлдвэрлэгч, экспортлогч гишүүдтэй. Тиймдээ ч энэ гэрээ нэг талдаа л ашигтай байх бөгөөд манай улс худалдааны үнэмлэхүй алдагдал хүлээх нь бараг л тодорхой. 

Худалдааны алдагдлын хамгийн ойрын жишээ бол Япон, Монгол. 2012 оноос хойш хоёр улсын худалдааны эргэлт 5.1 тэрбум ам долларт хүрсэн ч үүний 174 сая ам.долларыг л Монгол Улсын экспорт эзэлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл манай улсын 10 гаруй жилийн экспорт Японы нэг жилийн экспорттой ч тэнцэхгүй байна.  
Мөн ОХУ-тай сүүлийн 30 жилд хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллараас хэмжигдэж байгаа. Өнөөдрийг хүртэл манай улсаас ОХУ-руу гаргах экспортын хэмжээ бага байсан нь тус улс руу гаргах экспортын бараа бүтээгдэхүүнд 40-60 хувийн татвар ногдуулах, эсвэл квот тавигддаг байсантай холбоотой. 
Ингээд харвал ОХУ, ЕАЭЗХ-ны талаас Монгол руу бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлье хариуд нь манайд ногдуулдаг өндөр хувийн татвараа багасгаж өгье гэх хэлэлцээр л явж байна гэсэн үг. Багахан экспортын төлөө дотоодын үйлдвэрлэлээ цаазын тавцанд аваачих уу үгүй юу гэдэг л асуудал юм. 

Дотооддоо хүнсээ үйлдвэрлэх, гадаадаас хүнсний хараат бус байх ямар чухлыг цар тахал бидэнд ойлгуулсан. Гурил, сүү, ногоо зэрэг 19 төрлийн 54 багц барааг дотооддоо үйлдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Эдгээр нэр төрлийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын тогтоол хүртэл баталж байв. 

Уг нь Монголчууд өөрсдөө цементээ үйлдвэрлэдэг байсан ч цементийн импортын татварыг хөнгөлснөөр дотооддоо үйлдвэрлэх цементийн хэмжээ багассан. Мөн олон арван жил зарцуулан босгосон газар тариалан, тэр дундаа улаан буудай, гурилаа дотооддоо хангадаг болсон ч өнгөрсөн хавар импортын татварыг тэглэснээр мөн л тариалалт багассан. 

 Харин ЕАЭЗХ-той гэрээ байгуулахдаа  үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлүүдээ хамгаалж үлдэхгүй бол дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа үйлдвэрүүдээ 2-3 жилийн дотор л цаазын тавцанд аваачин дампууруулах магадлалтай юм. 
Манай улс ОХУ-аас шатахуун, цахилгаан, төмөр замын хамааралтай. Энэ гэрээ хийгдсэн тохиолдолд маш олон төрлийн бараа бүтэгдэхүүнээр ОХУ-аас хараат болно гэсэн үг. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.102.98
    2024/12/13

    Үнэ хямдарна л биз дээ үхэж дууслаал даа пизда нар

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/12/11

    ULAAN OROS KOMMUNIST HUJAA 2 BOL BUH TUUHIIN TURSHID MONGOL ULSIIN ESREG BODLOGO BARIJ IRSEN ADGIIN NOVSHIIN ULSUUD ODOO CH HEVEEREE BUUR AUYLTAI BAIDALD HURSEN

    Хариулах
  • 103.168.34.84
    2024/12/11

    Бид яг юу үйлдвэрлэж экспортлодог болчоод ингэж томроод байгаа билээ?!?!Хятадаас хамааралтай болчихоод тэр талаар бичихгүй Орос, энэ тэр гээд л байх юм!!!

    Хариулах
  • 202.55.188.97
    2024/12/11

    Хятадын хараат болсон нь зөв юм уу ?

    Хариулах