Ж.Золжаргал: Утаа ярихаар л сандарч, гэнэтийн шийдвэрүүд гаргахаа болих хэрэгтэй

Т.Отгонсувд
2024/12/23

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдээс агаарын бохирдлыг буруулахад ямар шийдлүүд байгаа талаар тодруулан хүргэж буй. 

Энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас утааг бууруулахад ямар шийдлүүд байгаа талаар тодрууллаа. 

Тэрбээр "Сүүлийн жилүүдийн туршлагаас харахад нэгдүгээрт утаа бага гаргахын тулд дулаахан сууц хэрэгтэй. Байшин сууц дулаахан байх юм бол бага нүүрс шатаана, бага цахилгаан хэрэглэнэ, бага газаар халаана.   Тэгэхээр нэгдүгээрт янз бүрийн технологи турших шаардлагагүй. Мөнгийг дулаан сууц руу зарцуулах шаардлагатай. 

Маш олон жил дулаан сууцыг ярьсан ч энэ жил Засгийн газрын хөтөлбөрт энэ ажил орсон. Гэхдээ дулаан орон сууц баривал хөнгөлөлттэй, ипотекийн зээл олгоно гэсэн ч түүндээ таарсан санхүүжилт тавиагүй. Ирэх оны төсөвт байхгүй зүгээр дэмжлэгийн зүйлүүд байгаа. Тиймээс эх үүсвэр нь тодорхой, дэд бүтцэд холбогдсон байх гэх мэт шаардлага хэрэггүй. Зүгээр барилгын норм дүрэм, стандартаас жоохон илүү байхад болно.

Хоёрдугаарт, дулаахан сууцыг яаж халаах вэ гэдэг асуудал. Цахилгаан, хий байж болно. Бүр нүүрс байсан ч болно. Монгол Улс эрчим хүчний хомсдолтой, гэр хороолол дунд халаалтын станц байхгүй.

Шахмал түлшний татаас гэж жилд 350 тэрбум төгрөгийг "ЭТТ" ХХК-иас олгож байгаа. Энэ 350 тэрбум төгрөгөөр жил бүр 100 Мбт-ын цахилгаан станц барьж болно. Таван жил дараалаад барих юм бол 500 Мгб-ын цахилгаан станцтай болно. Ингээд гэр хороолол дунд цахилгаан станц барьчих юм бол Улаанбаатар хотын гэр хороолол бүгд цахилгаанаар дулаанаа шийдэж болно.

Утаа их байна, салхи гарахгүй байна гээд л гэнэт гэнэт шийдвэр гаргаад хийсээд баймааргүй байна шүү дээ. Хэрвээ утааны сонсгол хийх гэж байгаа бол хэрүүл хийхгүй, урь хугацааны бодитой шийдвэрүүдээ гаргамаар байна шүү дээ.

Цахилгаан машины татварыг байхгүй болгоод утаа багасахгүй. Нийслэлийн утааны 17 хувь нь автомашинаас гэж шал худлаа тоо. Зун ч гэсэн энэ машинууд байж л байгаа шүү дээ. Гэхдээ утаагүй байдаг.

Утаа ярихаар л цахилгаан машин яриад, газ яриад байж болохгүй. Шахмал түлшинд хүн ойлгож дах, гайхамшигт найрлага байхгүй. Нүүрсээ бутлаад барьцалдуулагчтай холиод буцааж хэлбэрт оруулаад болоо. 

Худлаа ярьж мөнгөө цацаад байж болохгүй. Утааг бууруулахад богино хугацааны шийдэл гэж байхгүй. Бодитой, судалгаатай ажлууд хийж, мөнгөө зөв зүйлд зарцуулах шаардлагатай" гэв. 

Видео ярилцлагыг дараах линкээр үзнэ үү. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна