Л.Хосбаяр: 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхөөр санал дэвшүүллээ

Х.Есү
23 цаг 10 минутын өмнө

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчныг сайжруулах, улсын хэмжээнд зургаан сургууль байгааг өргөтгөх, хүүхдийн сурах орчныг сайжруулах, багшийн орон тоог нэмэх зэрэг цогц байдлаар анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Төлөөлөгч Л.Хосбаяр хэллээ. 2025 оны нийслэлийн төсвийн төсөлд түүний анхаарч санал тусгуулж байгаа дээрх асуудлаар тодрууллаа.   

-Та Нийслэлийн 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсвийн төсөлд хэд хэдэн санал хэлж, асуудал хөндлөө. Төсөвт ч өөрийн хамгаалж дуугарсан саналаа тусгууллаа.

-Ер нь бол Хан-Уул дүүргийнхээ иргэдийн төлөөлөгч болж энд байгаагийнхаа хувьд тодорхой гурван асуудал дэвшүүллээ. Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлыг хийж байсныхаа хувьд нийгэм, боловсролын салбарт ямар бэрхшээл, тулгамдсан асуудал үүсдэг, шийдвэл зохих бэрхшээл хаана нь байгааг гадарлана. Энэ хүрээнд, нийслэлийн гэхээсээ илүүтэй улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдэд чиглэсэн бодлого, төсөв, арга хэмжээ туйлын дутмаг санагддаг. Энгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орчныг сайжруулъя гэдэг хэр нь халамж анхаарал, илүү их хөдөлмөр, зүтгэл томчуудаас шаарддаг хүүхдүүдийнхээ сурах хэрэгцээг цогц байдлаар шийдэж төдийлөн чадахгүй байна. 

-29 дүгээр тусгай сургуулийг олон нийт мэддэг. Гэтэл энэ төрлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хэрэгцээ нэмэгдсээр байгааг эцэг эхчүүд хэлдэг. Энэ тухайд тодруулна уу?

-2024 оны төсөвт 29 дүгээр сургуулийг нийслэлийн төсвөөр 100 хувь засварлаж, дотуур байр, сургуулийн орчны тохижилтыг шийдсэн. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт зургаан сургууль бий. Эдгээр сургуулиуд төсөв, мөнгөгүйгээс болж 50-60 жилийн насжилттай, хүүхдийн тоо их, багш хүрэлцээгүй, сургуулийн багтаамжгүй байдал бэрхшээл болсон. Манай Хан-Уул дүүрэгт энэ төрлийн ганц 69 дүгээр сургууль л бий. Энэ сургуулийг өргөтгөхгүй бол 2006 онд 70 сурагчтай байсан бол өнөөдрийн байдлаар 1763 хүүхэд аутизм, оюуны бэрхшээлтэй гэж оношлогдоод сургуульдаа багтахгүй байна. ЕБС-ийн хөтөлбөрт  дээрх оноштой хүүхдийг заавал тусгай хэрэгцээт сургуульд явуулах шаардлагагүй. Энгийн сургалттай сургуульд суралцуулна гэдэг ч тэр бүр энэ боломж, нөхцөл биелэхгүй байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд маань ч нэг ангидаа 60-уулаа сурч байна.  Гэтэл багш хүүхдэдээ хүрч ажиллах, анхаарах, боломж бололцоо үнэхээр дутна. Тэгэхээр 63 дугаар сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхөөр төсвийн төсөлд санал оруулж, шийдүүллээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нараас санал гарч 1-5 дугаар ангийн ЕБС-д суралцаж байгаа хүүхдүүдийн сүүний хэрэгцээг хангая. Нийслэлийн төсвөөс зардлын 50 хувийг шийдэж “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэх саналаа хэлэлцүүлж, төлөөлөгчид дэмжиж, төсөвт зардлыг нь суулгууллаа.

-Агаарын бохирдлыг бууруулах, “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаанд хяналт тавих Ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа. Иргэд үр дүн хүлээж байгаа. Та бүхэн энэ чиглэлд ямар ажил хийв?

-Хэд хэдэн чиглэлд ажиллалаа. Богино хугацаанд утааг бууруулах шийдэл хайлаа. Урт, дунд хугацааны зорилтууд Засгийн газрын бодлогод туссан учраас аль болох гарт баригдаж, нүдэнд харагдах ямар шийдэл байж болоход анхаарлаа. Зуух, яндан, гэрийн дулаалга нь муудчихсан айл өрхийн тоо 70, 80 мянгаар тоологдож байгаа учраас үүнийг шийдвэрлэх нь чухал гэж үзлээ. Энэ хүрээнд 2025 оны нийслэлийн төсөвт нүүрсний агуулах, тээвэрлэлт, зуух, технологийн шинэчлэлтэй холбоотой зардал, гэрийн дулаалга гэх мэтийг ногоон зээлээр олгохтой холбоотой төсвийг нэмж тусгууллаа. Энэ нь иргэдийн аюулгүй аж төрөх нөхцөлийг хангах эхний шатны арга хэмжээ юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна