Хөлбөмбөг сонирхогчдын "Зул сар"-ын бэлэг-“БОКСИНГ ДЭЙ”

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 32 минут

Жил бүрийн сүүлийн болон эхний 10 хоног хөлбөмбөг сонирхогчдын хувьд “уйтгар гунигийн далай” байдаг. Учир нь, Европын топ зургаан лигийн тав нь дээрх хугацаанд завсарлага авдаг юм. Гэхдээ хөлбөмбөгийн “бурхан тэнгэр” үнэнч сүсэгтнүүдээ ор хоосон хаячихсангүй, Английн Премьер лиг, “Боксинг дэй”-г үлдээжээ.

 “БОКСИНГ ДЭЙ” ГЭЖ ЮУ ВЭ, ХЭЗЭЭ БОЛДОГ ВЭ

Энэ нэршил нь Христийн шашинтнууд Зул сарын баярын нэг, нэгэндээ бэлэг өгдөг уламжлалаас гарсан үг юм. Баярын гацуур модныхоо доор бэлгээ хайрцагт хийгээд тавьсан байдаг, бэлэг авсан хүн бүр хайрцаг задлах нь ойлгомжтой учир утгын хувьд нэг их том зөрчил гардаггүй.

Улирлын явцад нэг тойргийн тоглолт бямба, ням гаригт, заримдаа баасан, даваа гариг гээд 2-3 өдөр үргэлжилдэг бол арванхоёрдугаар сарын 26-нд бүх тоглолтууд нэг зэрэг болдог. “Боксинг дэй” гэдэг нь чухам тэр өдөр юм. Гэвч сүүлдээ жилийн сүүлийн арав хоногт болдог 3-4 тойргийн тоглолтыг бүхэлд нь “Боксинг дэй” гэх буюу арай өөрөөр “Супер 10 хоног” хэмээн нэрлэх болжээ. “Супер цохилтын 10 хоног”-ийн эхний тойрог арванхоёрдугаар сарын 21-23-нд (Энэ жил 21-нд товлогдсон), хоёрдугаар тойрог дээр дурдсанчлан зөвхөн 26-нд /Энэ жил “Брайтон- “Брентфорд”, “Арсенал”-“Ипсвич” багуудын тоглолт 27-нд буюу өнөөдөр товлогдсон/, гуравдугаар тойрог 30, 31-нд /Энэ жилийнх 29-нд/, дөрөвдүгээр тойрог нэгдүгээр сарын 1-2-нд /Энэ жилийнх 4-нд / болдог байна.

“БОКСИНГ ДЭЙ”-ГИЙН ОНЦЛОГ

Дерби буюу нэг хотын багууд хоорондоо тоглох нь элбэг байдаг явдал бол “Боксинг дэй”-гийн гол онцлог. Зул сарын баяр бол гэр бүлийн баяр. Энэ баярыг хэн ч гэртээ, хайртай дотны хүмүүстэйгээ хамт тэмдэглэхийг хүснэ. Хөлбөмбөгчид ч, хөгжөөн дэмжигчид ч адилхан хүн. Тиймээс баярын үеэр хол аялуулахгүйн тулд нэг юм уу ойролцоо орших хотын багуудыг хооронд нь тааруулдаг уламжлал тогтжээ. Өөрөөр хэлбэл, “Боксинг дэй”-гээр нэг хотын багууд хоорондоо тоглодог байж. Харин хөлбөмбөгийн танхайчууд ид гаарч байсан 80-аад оноос энэ жишгийг өөрчилж, нэг хотын баг биш, ойролцоо хотын багуудыг тааруулах болсон байна. Тэгэхгүй бол зодоон цохион их гараад болохгүй байжээ. Энэ жилийн “Боксинг дэй” ч энэ уламжлалаас гажаагүй. Лондоны “Тоттэнхэм” Ноттингемширийн “Ноттингем форест” л 200 км-ээс холын аялал хийх хуваарь гарчээ.

100% ХОВОР АМЖИЛТ

10 гаруйхан хоногийн дотор дөрвөн тойргийн тоглолт хийдэг гэдэг утгаараа энэ үе багуудын чанар чансааг жинхэнэ утгаар нь шалгадаг. Премьер лигийн сүүлийн 13 жилийн статистикийг ухаж үзэхэд “Супер арав хоног”-ийг 100 хувийн амжилттай туулсан тохиолдол найман удаа л гарчээ. “Манчестер Юнайтед” хамгийн олон буюу гурван удаа, “Челси”, “Арсенал” тус бүр хоёр удаа, “Манчестер сити” нэг удаа “Супер 10 хоног”-ийг ганц онооны гарзгүй гэтэлсэн байна.

Баяр ёслол тэмдэглэхийн хажуугаар 10 гаруйхан хоногийн дотор дөрвөн тоглолт хийх нь мэргэжлийн тамирчнаас ч асар их тэвчээр шаарддаг. Тэр ч утгаараа лигийг өнгөлөх багийн өнгө чухам эндээс тодордог гэж ярилцдаг. Гэхдээ хэчнээн сайн байлаа гээд ямар ч хохиролгүй давах нь маш хэцүү зүйл гэдгийг дээр өгүүлсэн статистикаас ойлгосон биз ээ.

Энэ шалгуурыг даваад гарч ирсний дараа багуудын шандас харин жинхэнэ тодордог байна. Өөрөөр хэлбэл, “Боксинг дэй”-гийн дараа огт өөр багуудтай, огт өөр тэмцээн явж эхэлж байгаа мэт болдог нь хачин. 2016 онд 10 оноогоор тасарч түрүүлсэн “Лейстер” 16 тойргийн дараа 10 хожил, таван тэнцээ, ганц хожигдолтойгоор “Боксинг дэй”-г эхлүүлээд нэг хожил, хоёр тэнцээ авч нэг хожигдон 50 хувийн амжилттай гарсан байдаг жишээтэй.

УЛИРЛЫН “ТОЛЬ”

Өчигдрийн тоглолтуудаас “Ливерпүүл” “Лейстер”-ийг битүү манан дунд 3:1-ээр буулгаж авсан тоглолт яах аргагүй онцлогтойд тооцогдоно. Энэ хожлын авснаар Арне Слотын цэргүүд 17 тоглолтод 42 оноо цуглуулж, ойрын өрсөлдөгч “Арсенал”-аас  9 оноо тасарсан юм.

М.Салах

Түүнчлэн “Манчестер сити” “Эвертон”-той 1:1-ээр тэнцэхэд булангийн цохилтыг шууд хаалгандаа алдаж содон үзүүлэлтэд хүрсэн. Тэд долоо хоногт хоёр дахь удаагаа булангийн цохилтыг шууд хаалгандсан алдсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна