Монгол Улс байгалийн баялаг, уул уурхайн компаниудын төсөвт төвлөрүүлж буй мөнгийг популизмийн хэрэгсэл болгон тараасаар иржээ. Ингэснээр эдийн засагт орж байгаа мөнгө архи дарс, хоол хүнс болж, томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай барилга, эрүүл мэнд, боловсролын салбарт дэмжлэг болж очиж чаддаггүй байлаа. Тэр ч утгаараа улс орны хөгжил, хүний хөгжилд чухал үүрэгтэй дээрх гурван салбарын хүртээмж хүн амын өсөлтөөсөө хоцрогдолтой явж ирсэн байдаг.
Харин "Үндэсний баялгийн сангийн тухай хууль" батлагдаж, байгалийн баялгийнхаа үр шимийг иргэд нь орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах боломжтой болсон. Энэ бол байгалийн баялгийнхаа өгөөжийг хоцрогдолтой байгаа салбарууд руугаа чиглүүлж, хөгжлөө дэмжих бодлого.
Гэтэл Х.Баттулга тэргүүтэй "Стратегийн ордуудыг шууд төрд авах, түүнээс ирэх ашгийг ард түмэндээ шууд хуваарилах" буюу өмнө нь туршигдсан бодлогыг үргэлжлүүлэх санаа дэвшүүлэн, богино хугацааны ашиг харсан популист үйлдэл гаргаж байгаа нь алсдаа Венесуэлийн араас орох вий гэсэн болгоомжлолыг төрүүлэх боллоо.
Уг нь Венесуэл улс асар их газрын тосны нөөцтэй боловч хувийн өмчийг нийгэмчилж, ашгийг нь иргэдэд хоногийн хоол болгож тарааснаар эдийн засаг нь хямарч, инфляц хяналтаас гарч, хүн ам нь ядуурсан. Хатуухан хэлэхэд, олон жил хөдөлмөрлөж бий болгосон капиталаа хоолойгоороо оруулаад хошногоороо гаргачихсан гэж болно. Монгол Улс ч гэсэн уул уурхайгаас олсон мөнгөө бүгдийг нь иргэдэдээ шууд тараавал Венесуэль шиг л болно.
1. Венесуэлийн эдийн засгийн сүйрэл
Венесуэлийн төрөөс газрын тосны орлогоороо дамжуулан иргэддээ мөнгө тараах, хямд үнэтэй бараа, үйлчилгээ амлах замаар улс төрийн оноо цуглуулж ирсэн. Энх бүхэн 1999 онд тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Уго Чавесаас эхтэй. Тэрбээр 14 жил төр барихдаа улсынхаа эдийн засгийн бүтэц, нийгмийн тогтолцоог өөрчлөхийг зорьсон бөгөөд хөрөнгөтнүүдтэй тэмцэж, эдийн засаг дахь төрийн оролцоог үлэмж нэмсэн нь тус улсыг өнөөдрийн энэ хямралын эхлэл болсон гэж үздэг.
Мэдээж энэ бодлого нь эхэндээ олон нийтэд таалагдсан ч, аажмаар эдийн засгийн суурь бүтцийг эвдэж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, жижиг, дунд бизнесүүдийг сөхрүүлсэн. Нефтийн компаниудыг төрийн мэдэлд авч, хөрөнгөтнүүдийн эсрэг хийх тэмцлийнхээ хүрээнд олон салбарыг хяналтандаа авч, өндөр татвар ногдуулж эхэлсэн юм.
Төрийн хэт оролцоо болон стратегийн гол салбаруудаа төрд авснаар төрийн зардал үлэмж нэмэгдсэн. Энэ хэрээр эдийн засаг нь хэт тэлж, мөнгөний ханш унаж, инфляц хяналтаас гарч эхэлсэн юм. Улмаар эдийн засгийн тогтолцоо гажуудан, хоол хүнс, эм тарианы хомсдол үүсэж, хүн амын амьжиргаа эрс доройтсон.
Уго Чавесийн энэ тэмцлийг эхэндээ хөрөнгөтнүүдийг хазаарлах, хулгай, луйврыг таслан зогсоох, эдийн засгийн тэгш байдлыг бий болгоно хэмээн иргэд дэмжиж байсан ч бодит байдал тэс өөр байсан гэсэн үг.
2. Монголын нөхцөл байдал
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар голлох байр суурь эзэлдэг. ДНБ-ий 25, экспортын орлогын 90, төсвийн орлогын 30 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Тэгэхээр Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, экспортын 10 бараа бүтээгдэхүүний ес нь уул уурхайн салбарынх байна. Түүнээс гадна уул уурхайг түшиглэн маш олон жижиг дунд аж ахуй нэгж, үйлдвэрлэлүүд хөгжиж байгаа юм.
Венесуэл нефтиэс хамааралтай байсан бол манай улс уул уурхайгаас хамааралтай. Мөн өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдаа үргээж, бизнесүүдтэйгээ тэмцэл хийсээр ирсэн нь тун төстэй. ,
Мөн манай улс уул уурхайн орлогоо иргэддээ мөнгө тараах, халамж өгөх бодлого баримталсаар ирсэн нь нууц биш. Сүүлийн 20 гаруй жилд янз бүрийн нэрээр иргэддээ бэлэн мөнгө тараасаар ирсэн нь өнөөдрийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулж, эдийн засгийн бүтцийг гажуудуулсан.
Мөн эдийн засаг дахь төрийн оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг эдийн засагчид ч, улс төрчид ч ярьж байгаа. Уг нь манай төр төдийгөөс өдий хүртэл том төслүүдээ урагшлуулж, хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа солонгоруулах оролдлого хийсээр ирсэн ч нөгөө л нэг халамж, мөнгө тараалт, популист амлалт, үйлдлүүдээс болоод үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн юм.
Хамгийн тод жишээ бол жил жилийн улсын төсөв. Манай улсын төсвийн дийлэнх хувийг урсгал зардал эзэлдэг. Тодруулбал төсвийн зарлагын 72.7 хувь буюу 26 их наяд төгрөгийн урсгал зардалтай байна. Гэтэл хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд төсөвт зонхилох хувийг эзлэхгүй байгааг популизмтай холбож, тайлбарлаж болно.
Иргэдэд тараах мөнгө, цалин тэтгэврийн амлалт, эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээвэр гээд алдагдалтай ашиггүй ажилладаг олон салбаруудыг төр хариуцаж, төр "дааж" явсаар байгаа нь урсгал зардал байж боломгүй хэмжээнд очсоний тайлал.
Популист амлалтуудаас болж ямар үр дүнд гарч байна вэ ?
Олон улсын жишгээр байгалийн баялгаа ухаалаг ашиглаагүй, тогтвортой хөгжлийг бий болгоогүй улс орнууд Венесуэлийн араас орж, эдийн засгийн хямралд нэрвэгддэг.
3. Монголыг Венесуэл болгох төлөвлөгөө хэнд ашигтай вэ?
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй зарим улс төрчид орон нутгаар явж, иргэдэд төрөөс хулгай хийсэн хувийн хэвшлүүдээс баялгаа авах ёстой хэмээн ухуулга хийж явна. Саяхныг хүртэл /Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахаас өмнө/ тухайн компаниуд хууль ёсоор буюу Монгол Улсад зөвшөөрөгдсөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Гэтэл эдийн засгийг нуруундаа үүрч байгаа уул уурхайн компаниудынхаа эсрэг ард түмнийг турхирах нь тун зохисгүй үйлдэл юм.
Мэдээж Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хуулиа дагаж мөрдөх ёстой. Гэвч энэ мэтээр баялаг бүтээгчидрүүгээ "дайрах" нь ирээдүйд ирэх гаднын хөрөнгө оруулагчдыг ч үргээж байгаа нь ойлгомжтой.
Байгалийн баялгийг ард иргэд хүртэх нь зүй. Гэвч газрын доор байгаа байгалийн нөөцийг ашиглахын тулд хөрөнгө мөнгө, техник, технологи, хүний мэдлэг ухаан хэрэгтэй. Товчхондоо, баялаг үйлдвэрлэхэд хөдөлмөр гаргана, хөрөнгө зарцуулна гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Богино хугацаанд иргэдэд таалагдахын тулд эдийн засгийн ухаалаг бодлого хэрэгжүүлэхээс илүүтэйгээр “ард түмэнд бэлэн мөнгө тараах”, “байгалийн баялгийг иргэддээ шууд хуваарилах”, гэх мэт амлалтаар нэр хүндээ өсгөдөг үйлдэл бол популизм.
Ингээд харвал Х.Баттулгын хэд, хэдэн үйлдлийг популим гэж харж болох юм. Хамгийн том жишээ бол ахмадуудын зээлийг тэглэсэн явдал. Салхитын мөнгөний ордыг тусгай хүчнийхэнтэй очин булаан аваад орлогыг нь барьцаалаад ахмадуудын зээлийг тэглэж байсан. Өдгөө ордыг эзэмшиж байгаа “Эрдэнэс алт” компани дефолт зарлахдаа тулсан гэнэ. Ахмадуудын зээлийг тэглэхэд их наяд орчим зарцуулагдсан. Салхитын мөнгөний ордыг төр "дээрэмдэж" авснаас хойш эдийн засгийн эргэлтэнд оруулах ажил сөөм ч урагшлаагүй учраас тэр биз.
Мөн иргэдийн танкаар айлгаж, төмөр замын төслийг гацаасан, өөр царигтай мухар төмөр зам барьсан, 2024 оны сонгуулиар малчдын зээлийг "тэглэх" асуудал ярьсан, сая орон нутгаар явахдаа иргэн бүр 10 сая төгрөг авах боломжтой гэж эдийн засгаа сүйрүүлэх юм ярьсан гэх мэт түүний "балгийг" дурдвал олон бий.
Түүнчлэн Стратегийн ордуудын төрд ногдох хувийг авах засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Батзандан ч тун аюултай зүйлсийг ярьж явна. "Стратегийн 55 орд /тоог нь нэмсэн/, хууль бусаар лиценз авсан гэж тогтоогдвол лицензийг нь хураагаад дараагийн компанид өгнө, хулгайч нартай хэлэлцээр хийх гэж байгаа монголын төр хулгайг дэмжиж байна гэсэн үг, ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлахгүй бол БЭТ гэж байх хэрэггүй" гэх мэтээр ярьж байгаа нь дотоодийн төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг хүртэл үргээж болзошгүй. Мөн л популист амлалт...
Гэвч энэ бүхний цаана:
• Эдийн засаг хямарч, ажилгүйдэл нэмэгдэнэ
• Инфляц нэмэгдэж, амьдралын өртөг огцом өснө
• Хүн амын ядуурал нэмэгдэж Венесуэлийн замаар орох юм.
Монгол Улс эдийн засгийн ухаалаг бодлого хэрэгжүүлэхгүй бол Венесуэлийн адил хямралд өртөх магадлал өндөр. Богино хугацааны халамжийн бодлого нь эцэстээ эдийн засгийн сүйрэлд хүргэнэ.
Уул уурхайн орлогоо зөв хуваарилж, баялгийн санг олон улсын жишгээр ажиллуулах, хувийн хэвшил, жижиг, дунд бизнесийг дэмжиж, таатай татварын орчин бүрдүүлснээр дээрх эрсдлээс зайлхийх боломжтой. Мөн популист амлалтаас ч татгалзах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.
Богино хугацааны ашиг хонжоо харсан улс төрчдийн үгэнд автах уу, эсвэл улс орныхоо ирээдүйг бодож, ухаалаг шийдвэр гаргах уу?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.28
Ашгаасаа 34хувийг нь баялагийн санд өгөхөд юу нь болохгүй байгаа юм шунал ихэдвэл шулам болно
Хариулах45.117.34.124
Баттулга бол уосаа хорлосон новш
Хариулах202.9.46.130
Батзандангийн халимаг үс яг Гитлeр одоо сахалаа ургуулах л дутуу байна.
Хариулах