Дэлхийн спортын наадам эхэллээ

Zuv.mn
9 цаг 31 минутын өмнө

XII дахь удаагийн "Дэлхийн спортын наадам" БНХАУ-ын  Чэндү хотод хөшгөө нээлээ. 

Наадмын нээлт Азидаа хамгийн том дан модоор барьсан байгууламж болох 430 метр өндөр “Tianfu Roof” байгууламжид болж, 10 мянга орчим үзэгч үзэж сонирхжээ. Нээлтийн ёслолд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар мөн оролцсон байна. Мөн ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлжээ. 

Олимп, тив, олон улсын наадмуудын хувьд нээлтийн бамбар асаах ёслол хамгийн сонирхолтой үйл явдал байдаг. Энэ удаагийн наадмын бамбарыг Хятадын усан цанын тамирчин Сюй Лу, Алу Шиаобо нар тэмцээний галт бамбарыг барин усан дээгүүр гулган очиж асаасан нь урьд өмнө гарч байгаагүй содон шийдэл болжээ.  

“Хил хязгааргүй спорт, тоо томшгүй гайхамшиг” уриан дор болж буй наадам энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. 

Чэндүгийн дэлхийн спортын наадамд  116 улс орон, бүс нутгийн 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Монгол Улсаас жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорино.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна