И.Батхүү: БНХАУ-ын гадаад худалдааны экспортын татвар нэг ч хувиар өсөөгүй

С.Гандэлгэр
5 цаг 27 минутын өмнө

Сүүлийн өдрүүдэд БНХАУ экспортын татвараа 40 хувь хүртэл нэмэгдүүлснээс Монгол руу орж ирэх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа гэх мэдээлэл цахим орчинд мэдээлэл цацагдсан. Үүнийг Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү үндэслэлгүй ташаа хэмээн гэж тайлбарлалаа.

Тэрбээр “Сүүлийн үед Эрээнээс Монгол руу хийж байгаа худалдаатай холбоотой БНХАУ-ын талаас татвараа нэмсэн гэдэг яриа гарч байна. Энэ бол үндэслэлгүй. Хоёр улсын хооронд импорт, экспортын тариф тогтоохдоо заавал Засгийн газар хооронд хэлэлцээр хийдэг. Одоогоор Монгол Улс, БНХАУ-ын хооронд ийм гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа.

Хоёрдугаарт БНХАУ-ын талаас дотоодын аж ахуй нэгж, корпорацид тавигдах татварын хяналт шалгалтаа сайжруулж реформ хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 7-нд Мэргэжлийн хяналтын газар нь мэдэгдэл гаргаж, экспортын аж ахуй нэгжийн орлогын албан татвараа ил тод зөв тайлагнадаг байх талаар журмаа өөрчилсөн. 

Энэ журам нь 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Дээрх журмынх нь дагуу өмнө нь Эрээн дээр худалдааны эсвэл тээвэр зуучийн компани маань Монгол руу экспортлох эрхгүй томоохон аж ахуй нэгжийн албан ёсны эрхийг ашиглаад Монгол руу экспорт хийх эрхгүй жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Монгол руу зарж, үүн дээрээ НӨАТ-ын буцаалт дээрээс өөрсдөө 5-8 хувийн буцаалт авдаг. Ялангуяа цахилгаан бараа зэрэг инноваци шингэсэн бүтээгдэхүүн дээр 15 хувь хүртэлх Засгийн газрын татаас дэмжлэг авдаг байсан ААН-үүдэд зориулсан шийдвэр.  Улмаар алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу зөрүү ойлголт өгөх, Монголын талд үзүүлж байгаа зуучлалын хөлсөө нэмэгдүүлэх, Хятадын талаас татвар нэмсэн мэт алдаатай ойлголт өгч байгаа тохиолдол гарсан байна.

Цаашдаа худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэд, бизнесийн байгууллага Монголын хариуцлагатай, буух эзэнтэй, тээвэр зууч, худалдааны зууч компаниудтай харилцаж бараа бүтээгдэхүүний захиалга хийж байхыг сануулж байна. Эдгээр зуучлагчийн компаниуд нь өөрсдөө албан стандарт шаардлагад нийцсэн экспортын эрхтэй аж ахуй нэгжээс бараа бүтээгдэхүүн зуучилж худалдан авахад хариуцлагатай ажиллах нь зүйтэй байна.

Мөн Монголын бизнес эрхлэгчид урьдчилж бизнес төлөвлөгөө тусгаад явах нь зүйтэй байна.

Барилгын улирал эхлэхэд барилгын бараа материал, тоног төхөөрөмж татаж авах бол  жижиг дунд экспортын эрхгүй аж ахуй нэгжид захиалга өгч, авах биш албан ёсны эрхтэй аж ахуй нэгжтэй харьцаж, захиалах. Дээр нь нэмээд эдгээр аж ахуй нэгжээс НӨАТ -ын буцаалтынх нь татварыг бууруулах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн татаасынх нь хэмжээгээр хөнгөлөлт эдлэх талдар гэрээ хэлцэл хийх юм бол үнийн бууралт эдлэх боломж худалдан авагч талд үүсэх боломж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна