Х.Булгантуяа: Тавантолгойтой холбоотой бүх мэдээллийг ил болгох ёстой

Zuv.mn
5 цаг 53 минутын өмнө

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

-УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар УИХ-ын даргыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барьсан. Та энэ талаар мэдсэн үү?

-Уг нь би өрөөндөө байсан. Гэхдээ тийшээ өргөн барьсан байна лээ.

-МАН-ын Удирдах зөвлөл хоёр долоо хоног дараалж хуралдсангүй. Зарим гишүүд нь “Хуралдуулъя” гээд Я.Содбаатар даргыгаа хайгаад яваад байна шүү дээ?

-Уг нь одоо үүсээд байгаа улс төрийн энэ эгзэгтэй нөхцөл байдалд Ж.Бат-Эрдэнэ дарга бүлгээ хурлдуулаад асуудлыг шийдвэрлэх хэцүү шүү дээ. Тийм учраас Удирдах зөвлөл хуралдаж, бүлэг рүү чиглэл өгөх ёстой. Улс төрийн энэ хүнд цаг үед гишүүдээ бүлгийн хурал руу задгай оруулаад хооронд нь муудалцуулж болохгүй шүү дээ.

Манай намд өмнө нь ч үл ойлголцол гарч л байсан. Ийм үед Удирдах зөвлөл сэрэгээрээ бараг тасралтгүй хуралддаг. Тийм ч байсан учраас “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг байж чаддаг байсан. Удирдах зөвлөлд хамгийн туршлагатай улстөрчид байдаг. Энэ хүмүүс маань энэ байтугай л тэмцэл, хагарлыг үзэж байсан учраас анх удаа үзэж байгаа залуучууддаа түшиг болох ёстой. Хэн ч ийм хагарал, тэмцлийг хүсэхгүй шүү дээ.

Хараад байхад АН гэхэд ах нараа дуудаж ирж байгаад өргөтгөсөн хуралдаан хийж, улс төрийн шийдвэрүүдийг гаргаад байх шиг байна.

Манай хувьд, энэ том бүлэг Удирдах зөвлөлийн чиглэлгүйгээр Бүлэг дээрээ хэрэлдэж болохгүй шүү дээ.  

Ардчилсан нам ийм хариуцлагатай байхад бид бас хариуцлагатай байх ёстой.

-Л.Оюун-Эрдэнэ Түр хороо байгуулаад, өөрийнхөө сүүлийн таван жилд хийсэн ажлаа шалгах шахуу юм болж байна. Энэ хэр ёс зүйтэй вэ?

-Түр хороо байгуулаасай гэж бодож байсан. Өнгөрсөн хугацаанд зарим нь зөвхөн Ухаа худагийг яриад, зарим нь зөвхөн лиценз олголтыг нь яриад, зарим нь зөвхөн офф тейк гэрээг яриад байгаа. Ингэж явбал бас л сонгууль болтол ярианы сэдэв болоод, олон нийтийг бухимдуулаад л өнгөрөх байх. Бүгдийг нь ярих ёстой, цаг нь болсон гэж бодож байна.

-Өөрийнхөө хийсэн ажлыг шалгаж чадах болов уу?

- Тэр хүний бланкан дээр явсан. Яагаад явсан бэ гэхээр, нууцаас их олон гэрээ гарах ёстой. Сая зах, зухаас нь харсан байх. Гэхдээ энэ бол өмнө нь нууцаас гаргаж ил болчихсон гэрээ байсан. Үлдсэнүүдийг нь гаргах ёстой. 2019 оны ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж нууцад авсан юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр, энэ шийдвэрийнх нь араас Түр хороо байгуулагдана. Түр хороо гэдэг бол Байнгын хороотой яг адилхан. Нэг намын гишүүд байгуулж болдоггүй. Нам, намын төлөөлөл ордог. Тэр хүмүүс ажиллаад, мэдээллүүдийг аваад, олон нийтэд мэдээлэх үүрэг нь байгаа гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн оролцоо бас чухал. Яагаад гэвэл, энэ мэдээлэл бидэнд бас байхгүй. Яагаад гэхээр, мэдээллийг нууцад оруулдаг журам нь бас нууц байдаг юм байна.

Улс юм чинь шийдвэр нь нууц байхыг бол бид ойлгоод байна. Гэтэл журам нь бас нууцад байгаад байна.

Тийм учраас хэвлэл ч асууж чадахгүй байна, бид ч мэдээлэл өгч чадахгүй байна. Яагаад гэвэл мэдээлэл нь бидэнд байхгүй учраас.

Тиймээс Ухаа худгаа ч шалгая, офф тейкээ ч шалгая.

Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний өмч гэж тунхаглачихаад хэдхэн хүн сууж байгаад гэрээг хийгээд байгаад л иргэд бухимдаад байгаа шүү дээ.

Хил холболтын төмөр зам муу гэрээ болсон бол цуцлах эрх нь байгаа шүү дээ. Нэр хүндэд л жаахан муу болох байх. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна