Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.14/ 14.00 цагаас хуралдана. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх товтой байв.
Үүнтэй зэрэгцэн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүдийн санаачилсан "Чайна энержи"-тэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-г хянан шалгах түр хороо байгуулагдахгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Учир нь хуульд нэг УИХ-ын чуулганы хугацаанд хоёр хянан шалгах түр хороо байгуулагдана хэмээн заасан байдаг.
Үүний өмнө О.Батнайрамдал нарын гишүүдийн санаачилсан Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хороо байгуулагдсан бөгөөд дээр дурдсан хоёр асуудлын аль нэгээр л түр хороо байгуулагдах юм.
Тэгвэл тус асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос тодрууллаа.
Тэрбээр "Түр хороо хоёроос илүүг байгуулж болохгүй хуультай. Тийм учраас аль түрүүлж ирсэн нь л байгуулагдах ёстой. Байнгын хорооны 32 гишүүн энэ асуудлыг хэлэлцэнэ. Дэмжихгүй бол хянан шалгах түр хороо байгуулахгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна