УИХ дахь Ардчилсан намын бүлэг уржигдар хуралдаад,
-Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх,
-Хоёр асуудлыг шийдвэрлэх нэгдсэн чуулганы санал хураалт хүртэл бүлгийн нэгдмэл байр сууриа олон нийтэд зарлахгүй.
-Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдэх хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалж явуулах ёстой гэсэн гурван асуудлаар байр сууриа нэгтгэсэн шийдвэр гаргаснаа зарласан билээ.
АН бол 42 суудалтай, том бүлэг. Тэр утгаараа МАН-ын асуудал УИХ руу орж ирсэн үед хайныг нь хагалах чадалтай. Тэр ч утгаараа эхнээсээ л "Аль, алиныг нь оруулаад ир ээ, огцруулаад өгье" гэдэг байр суурь ил илэрхийлж байх ёстой байв. Гэвч Засгийн газарт өргөн барьсан Төсвийн тухай хуулиа буцаах, цалин, тэтгэвэр нэмэх шаардлага тавьж, тэр болтол Чуулганыг хясан боохоо мэдэгдсэн. Одоо харахад, ингэснээрээ О.Цогтгэрэл нар бүлгээ хайрцаглах хугацаа хожиж байжээ.
Харин уржигдар Бүлэг нэгдсэн шийдэлд хүрснээрээ МАН-ын хуваагдсан хоёр талын аль нэгэнтэй нь нийлж ирц бүрдүүлээд асуудлыг нэг талд нь гаргах боломжтой болсон гэдгээ шууд утгаараа зарласан.
Одоо Ардчилсан намд:
О.Цогтгэрэл даргын хэлснээр бол Ардчилсан намын бүлэг аль сонголтыг нь хийхийг Чуулганаар хоёр даргын асуудлыг хэлэлцэж, гишүүд санал өгөх тэр үед л бид мэдэх боломжтой.
Үндсэн хууль, бусад хуульд зааснаар Ехрөнхий сайдыг огцруулахад 64 санал, УИХ-ын даргыг огцруулахад багадаа 33 санал хэрэгтэй.
Одоо мэдэгдэж байгаагаар, МАН-аас Г.Занданшатрын талд 38, Д.Амарбаясгалангийн талд спикер өөрөө ороод 30 гишүүн байгаа. АН Г.Занданшатарын талтай нийлэхэд 80, Д.Амарбаясгалангийн талтай нийлэхэд 72 гишүүнтэй болно.
УИХ-ын чуулган 50-иас дээш хувийн ирцтэй бол шийдвэр хүчинтэй болдог гэхээр, аль, аль нь шийдвэр гаргах боломжтой.
АН ийнхүү нэгдэхтэй зэрэгцээд сөрөг хүчний ажлаа хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг хоёуланг нь явуулчихаасай гэсэн бодолтой хэсэг бүлэг гарч ирсэн. Үр дагавар ямар ч гарсан бай, өөрөөр хэлбэл чадсан ч, чадаагүй ч хоёуланг нь явуулах гэж үзэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн.
Гэвч бодит байдал дээр Ардчилсан нам Ерөнхий сайдын талд ажиллах магадлал жин дарсныг тавьсан шаардлага хийгээд түүнээс хойш МАН-д болж буй үйл явц харуулж байна.
Г.Занданшатарын талд Ерөнхийлөгч байгаа,тэрбээр үйл явцыг ихээхэн адармаатай болгох /хориг тавихад л огцрох босгыг нийт гишүүдийн 2/3 болгож өсгөнө/ эрх мэдэлтэй нь ийм сонголт хийхэд хүргэсэн байж ч магад. Ингэж дүгнэх нэг бус шалтгаан байна.
Нэгд, АН шаардлагынхаа гуравдугаарт хоёр асуудлыг хэлэлцэх чуулганы хурлыг Б.Пүрэвдоржоор даргалуулах хүсэлт гаргасан. Тэгвэл Б.Пүрэвдорж Г.Занданшатарын талынхны өргөн барьсан УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг УИХ-ын даргын Тамгын газарт мэдэгдэлгүйгээр гүйж очиж авсан.
Хоёрт, МАН-ын бүлгийн 38 гишүүн өчигдөр Бүлгийн даргын шийдвэргүйгээр хуралдаж, цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. Үнэндээ цалин тэтгэврийг намын бүлэг хуралдаж нэмдэг гэж ямар балдууш нь байх вэ. АН-ын бүлгийн шаардлагыг биелүүлсэн болж харагдаж, Чуулганы хуралдаанд оруулах гэсэн санаа л гэж уншигдсан.
Б.Пүрэвдорж гишүүний уржигдар гаргасан хачирхалтай үйлдэл, МАН-ын бүлгийн өчигдрийн хууль бус хуралдаан, хульхи шийдвэр гаргалт "Зохиолын дагуу" өрнөсөн гэж үзвэл АН сөрөг хүчний байр сууриа өндөр үнэ хүргэж зарсантай ялгаагүй. "Их эвслийн" гэдэг нэрээр халхавчлаад Засагт ахиухан сайдаар хамтарна л гэсэн үг.
Байдал ингэж эргэвэл шинэ МАНАН жинхэнэ утгаараа үүсэж, МАН МАСЗХ, НАМЗХ гэсэн байдлаар хуваагдана.
Харин дагуулж тонгорвол Ардчилсан намыг эрх ашгаар биш, үзэл санаагаар дэмждэг олон хүн баярлаж, 2027, 2028 оны дараалсан ялалтын үүд хаалга нээгдэх юм.
УИХ-ын даргыг огцруулах
12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн.
12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Ерөнхий сайдыг огцруулах
1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна