УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр “УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрийг хэлэлцэж шийдвэрлэх гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар эх сурвалжаас тодруулахад "Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээж авах боломжгүй" гэж хариуллаа. .
Үндсэн хуулийн 66.4-т “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, шийдвэр, зарлиг, хуулийн заалт, олон улсын гэрээ зэрэг нэгэнтээ батлагдаж, хэрэгжсэн, хэрэгжих боломж бүрдсэн тохиолдолд л ҮХЦ-д хандах эрх үүсдэг бөгөөд УИХ Ерөнхий сайдын асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа учир тийм боломж одоогоор үгүй юм байна.
Иймээс Б.Жавхлан сайдын Үндсэн хуулийн цэцэд гаргасан энэ гомдол нь өөрөө Үндсэн хуулийн цэц хүлээж авах боломжгүй гомдол болж байгаа ажээ.
Тиймээс, боломжгүй асуудлаар гомдол гаргана гэдэг Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд дарамт үзүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэх үндэстэй гэсэн тайлбарыг эх сурвалж өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна