Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр 43, хүлээж авахгүй шийдвэр 84 гишүүний саналаар гарна

Zuv.mn
5 цаг 55 минутын өмнө

УИХ-ын Чуулганы Нэгдсэн хуралдаанаас гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан билээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн "1.Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл, УИХ Ерөнхийлөгийн хоригийг хүлээж авахад 43, хүлээж авахаас татгалзахад 86 гишүүний санал хэрэгтэй. 

Харин хугацаа, хэлэлцэх журмыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулжээ. 

Тус хуулийн, 

46.5.Энэ хуулийн 46.4-т заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

46.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.5-д заасны дагуу хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан. 

Энэ дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 өдрийн дотор хэлэлцэх ёстой. 

Харин энд нэг нюанс байгаа нь Үндсэн хуулийн цэц нөгөөдөр энэ асуудлаар хуралдана. Хуралдаанаас УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэл үгүй болно. Энэ тохиолдолд хэрхэх хуулийн гарцыг одооноос хайж байхад гэмгүй мэт. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна