ӨНЦӨГ: Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах эсэх шийдвэрт хориг тавих эрхтэй ч, нөлөөлөх эрхтэй юу

Х.Батсайхан
4 цаг 49 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 2025 оны 10 сарын 17-ны 95 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Ерөнхийлөгч нь Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй гэж заасан байдаг. Хориг энэ дагуу тавигдсан.

Гэхдээ, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд тавьсан энэ хориг нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан шинжтэй байгааг эрхбиш анхаарахгүй өнгөрч болохгүй. Учир нь, Ерөнхий сайдыг томилж чөлөөлөх нь УИХ-д Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх. Тус хуулийн  43 дугаар зүйлийн 1-д “1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж тодорхой заасан.

Энд байгаа хамгийн гол агуулга бол УИХ “Ерөнхий сайдыг нийт гишүүдийн олонхийн /64/126/ саналаар огцруулах”. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьснаар энэ босго 84 болж өсөж байгаа нь шууд УИХ-ын бүрэн эрхэд халдсан шинжтэй юм.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өчигдөр Ерөнхийлөгчийн хоригийг тайлбарлахдаа Ерөнхийлөгчийн хориг бол “УИХ-д шийдвэрээ дахин нэг бодож үзэх боломж олгож байгаа хэрэг” гэж тайлбарласан.

Гэтэл УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхдээ 84 гишүүний саналаар шийдвэрээ хамгаална гэдэг бол үнэндээ Ерөнхийлөгчийн хориг Ерөнхий сайдын асуудалд “Дахин нэг бодож үзэх боломж мяагаар биш, харин УИХ олонхийн зарчмаар, бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шийдвэрийг цөөнх /Г.Занданшатарын кэйс дээр 43 гишүүн/ Ерөнхийлөгчтэй хавсарч өөрчлөх” хэмжээний нөлөө үзүүлэх болоод байна.

Энэ тохиолдолд хэрхэх вэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх илүү юу, Парламентын бүрэн эрх илүү юу гэдэг асуудал зайлшгүй яригдаж, улмаар Монгол Улс ямар засаглалтай юм бэ гэдэг талаас нь харах ёстой юу.

Энэ асуудлыг нэг талд нь гаргаж, Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хөндөлгүй, харин 2/3-ын саналаар буцдагийг УИХ-ын бүрэн эрхтэй холбоотой зарим асуудал дээр болиулах шаардлага байна гэж харж байна. 

Өнөөдөр УИХ Парламентын засаглал, дархлаагаа бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа нь үнэн л юм бол энэ асуудал дээр нэгдээд зөвхөн энэ асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжийг хайх гарц байгаа харагдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна