Цэцийн 9 гишүүний зургааг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар томилуулж байжээ

С.Гандэлгэр
12 цаг 3 минутын өмнө

Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг огцруулах тогтоолыг УИХ гаргаад байгаа. Эндээс Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр маргаан дагуулаад байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн "хориг" тавиад байгаа. 

Маргааш Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дэнслэх юм. 

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Эдгээр есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг УДШ санал болгон томилдог. Томилогдсон хугацаа, аль байгууллагаас санал болгосноор нь дээрх есөн гишүүнийг хувааж үзье. 

Ерөнхийлөгчийн санал болгосноор томилогдсон: Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Э.Энхтуяа

Б.Болдбаатар нь УИХ-ын олон шатны байгууллагад ажиллаж байсан нэгэн бөгөөд одоогийн Ерөнхий сайдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь тамгын газарт ажиллаж байжээ. Түүнчлэн ҮХЦ-ийн гишүүн Р.Батрагчаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. 

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-аас санал болгосноор томилогдсон: Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Ц.Цолмон

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад томилогдсон гэж үзвэл улс төрийн хамаарал талаасаа өөрийг нь санал болгосон хүний талд шийдвэр гаргах магадлалтай гэж үзэж болох. Мөн ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайхан нь Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад тамгын газрын ажлын албаны даргаар ажиллаж байжээ. 

УДШ-ээс санал болгосноор: Ж.Эрдэнэбулган, Д.Ганбаатар, О.Мөнхсайхан

Эндээс О.Мөнхсайханыг онцлох боломжтой. Түүний хувьд 2019 оны ҮХНӨ-г хийхэд гар бие оролцсон хууль, судлаач. Тиймдээ ч тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатартай ойр гэгддэг. 

Эндээс харахад огцорч магадгүй болоод байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарын УИХ-ын дарга байхдаа томилосон гурав. Түүнийг огцруулах тогтоолыг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хориг тавиад байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн томилсон гурван гишүүн байгаа юм. Ингээд тооцвол нийт есөн гишүүний дор хаяж зургаа нь Ерөнхий сайд Г.Занданшатарын талд гаргах магадлалтай юм. Мэдээж Үндсэн хуулийн цэц хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Гэвч өөрсдийг нь томилсон улс төрчид цэцийн шийдвэрт нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй юм.  

Маргааш Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэнэ. Цэцийн их суудлын хуралдаанд 7-9 гишүүн оролцдог бөгөөд шийдвэр нь эцсийнх байх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна