БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд болсон уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, Ерөнхий консул Кэ Юушэн, дэд консул С.Хасмөчир, Аташе Ли Жишинь, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцов.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун уулзалтын эхэнд БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ой, Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны найрсаг харилцаа бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр цаашид Ерөнхий консулын газар болон БНХАУ-ын муж, хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн.
Мөн Ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймгийн урлаг спорт, сурлагаараа амжилт гаргасан, дэмжлэг нэн шаардлагатай болон зорилтот бүлгийн 50 хүүхдэд дэмжлэг үзүүллээ.
Талууд энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны ард иргэдийн ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна