Их суудлын хуралдаан: Хуралдааныг хэвийн явуулахын тулд маргагч талуудын гар утсыг хураан авав

Х.Батсайхан
11 цаг 53 минутын өмнө

Хуралдаан эхлээд хурал даргалагч Ж.Баясгалан дэгийн дагуу маргагч талуудаас ҮХЦ-ийн гишүүдээс татгалзах санал байгаа эсэхийг асуусан. 

Засгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт “Байхгүй” гэсэн бол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн тухай хуулийн 3.7 заалтыг зөрчсөн үндэслэлээр ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасныг Цэцийн бүрэлдэхүүн хэлэлцээд “Хүлээж авах боломжгүй” гэж үзэв. Дараа нь талуудаас тайлбар сонслоо. 

С.Бямбацогт “УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны 96 тогтоол нь ҮХ-ийн 43.1, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн” хэмээн үндэслэлээ танилцуулсан. Х.Булгантуяа өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хуралдаан даргалагч мөн хүлээж аваагүй. 

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир гишүүний саналыг “нэг хүн гэрч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зэрэг оролцох боломжгүй” хэмээгээд гэрчийн суудалд суусан байхыг үүрэгдсэнээр хуралдаан завсарлав. Талууд тайлбар өгөх явцад “Хуралдааныг хэвийн явуулахын тулд” хэмээн маргагч талуудын гар утсыг хурааж авсан.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хуралдаан даргалагч мөн хүлээж авсангүй. Хуралдаан 13.30 цагаас үргэлжилнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна