УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж, багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой бөгөөд үндсэн цалинг 2.5 сая болгох санал гаргана гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "Гадаа багш, эмч нар маань жагсаж байна. Хүүхдүүд нь сургуульдаа явахгүй эцэг эхчүүд хүндхэн байгаа учраас багш нарын асуудлыг яаралтай шийдэх ёстой.
Миний хувьд ямар гаргалгаа гаргасан бэ гэхээр 2026 төсөв дээр яамдын тоног төхөөрөмжийн зардал 492 тэрбум төгрөг суулгасан байгаа. Тэндээс боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг үлдээгээд бусдыг нь танах чиглэлээр явах санал гаргасан. Жишээ нь ГХЯ-ны дипломат төлөөлөгчдийн газрын машиныг солих гэх мэт олон төрлийн зардал байгаа. Энэ мэт зардлуудаа танаад ирэх оны эхээс шууд багш нарын цалинг 2.5 саяд хүргэвэл ямар вэ гэдэг санал гаргасан. Засгийн газар 20 хувиар нэмнэ гэж байгаа нь 1.7 сая л болгоно гэсэн үг. Багш нар 3.5 болго хэмээн шаардаж байгаа. Ингэж нэмэхэд 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Харин 2.5 болгоход 768 тэрбум төгрөг шаардлагатай.
Хоёрдугаарт шинээр баригдах гэж байгаа хөрөнгө оруулалтыг танах санал гаргасан. Нийтдээ 420 гаруй тэрбум төгрөг байгаа. Эхлээгүй байгаа барилгуудын төсвийг бол танах боломжтой гэж харж байгаа.
Төрийн байгууллагууд ганц жил хуучин компьютер, хуучин машинаа уначихад асуудал байхгүй шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна