МАН-ын хагарал, хуваагдал цагаан байрнаасаа хальж Төрийн ордонд тодорхойгүй байдал үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал гэх хоёр даргатай 30, 38 гишүүнтэй хоёр бүлэг болон хуваагдаад байгаа билээ.
Монгол Улсын 2026 оны төсөв хэлэлцэх, эмч, багш нарын цалингийн нэмэгдлийг шийдэх зэрэг маш олон асуудлууд энэхүү дээд доодгүй хуваагдлаас болж гацаад буй. Аравдугаар сарын 29-ний өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, "Эвлэрүүлэх" ажлын хэсэг байгуулж УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахлахаар болсон.
Тус ажлын хэсэг өчигдөр буюу аравдугаар сарын 29-нд Төрийн ордонд хуралдаж тус тусын байр суурийг сонсож, ажилласан.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн "ХОЁР ДАРГА"-аас бүлгийн асуудлаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Улс орны нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх хэрэгтэй. Юуны төлөө олонх болсон нам билээ. Бид анхнаасаа цалин нэмье л гэж байсан. Засгийн газар өөрсдөө чадахгүй, болохгүй гэж байсан болохоос бүлгийн хурал дээр нэмье л гэж байсан.
Бүлгийн хурлыг маргааш нь зохион байгуулна гэж байхад олонхоороо дайрч, 38 гишүүн хуралдаж, Ж.Батжаргалыг бүлгийн даргаар томиллоо гэсэн. УИХ-дахь МАН-ын бүлгийн албан ёсны ганц дарга нь би.
Олонх болсон намын хувьд маш том хариуцлага хүлээж байгаа. Ойрын хоёр хоногтоо учраа олох байх. Юун түрүүнд бүлгийн даргын асуудлыг нэг мөр болгох ёстой. Нэн тэргүүнд журамтай, зарчимтай байх хэрэгтэй. Одоо нэг хэсэг нь хуралдана гээд, нэг хэсэг нь хуралдахгүй гээд байвал хэн ч хожихгүй. Бүлгийн даргын тамга надад байгаа. Ж.Батжаргал гишүүнтэй олон уулзсан. Тамга тэмдгийн араас яваад байгаа зүйл байхгүй гэж хэлсэн. Бүлэг хагаралдаад үзэн ядаад байгаа юм алга" гэлээ.
Тэгвэл шинээр Бүлгийн даргаар томилогдсон гэх УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас байр суурийг нь тодруулахад "МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан ажлын хэсгийн хурал дээр маш тодорхой юм ярьсан. Энэ бүх тодорхойгүй болсон зүйлсийг хууль дээдлэх зарчмаараа шийднэ. Мэдээж бид бүлгээрээ эв нэгдлийг хангаж, асуудлаа шийдвэрлэж явах ёстой. Ард түмний өгсөн үүрэг даалгавар, хариуцлагыг биелүүлэх, бүлгийн эв нэгдлийг хангахад энэ ажлын хэсгийн гол зорилго.
Бүлгийн даргыг хэн гэдгийг хууль дээдлэх зарчмаараа ажилладаг юм бол цагаан дээр хараар биччихсэн олонх нь хуралдаад асуудлаа шийдэж болно. Шийдсэн шийдлээ УИХ-ын удирдлагад хүлээлгэж өгснөөр албаждаг гэж байгаа. Өмнө нь бол заавал УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс зарладаг байсан бол одоо өөрчлөгдсөн.
Бүлгийн тамга надад байхгүй. Гэхдээ би олонхоороо сонгосон МАН-ын бүлгийн дарга. Би сандал суудал, ширээний төлөө яарахгүй байгаа" гэв.
Хоёр талд хуваагдсан бүлгийн даргын хэн нь албан ёсных болохыг Удирдах зөвлөлөөс гарсан ажлын хэсэг шийдэх юм. Улмаар тус бүлгийн шийдвэрээр цаашдын улс төрийн асуудлуудаа цэгцэлж явах учиртай гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байгаа юм. Ажлын хэсэг хоёр хоногт багтаан энэхүү асуудлуудыг шийдвэрлэж, улс орны ажлыг тасалдалгүйгээр үргэлжлүүлэх учиртай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна