Ц.Даваасүрэн: Гэмт хэрэгт холбогдсон нь нотлох баримттай бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах нь зүйтэй

Х.Есү
11 цаг 45 минутын өмнө

С.Ганбаатар гишүүний санаачлан Үндсэн хуулийн цэцэд гаргасан саналын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-С.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүний дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд хууль шүүхийн байгууллагаар шалгагдахгүй байх агуулга бүхий саналыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан тухай мэдээлэл гарсан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-С.Ганбаатарын өргөн бариад байгаа асуудал чинь Үндсэн хуулийн заалтын дагуу явъя л гэсэн үг. Үндсэн хууль дээр юу гэж заасан бэ гэхээр хэрвээ УИХ-ын гишүүн ямар нэг хэрэгт холбогдсон бол түдгэлзүүлж байж шалга гэж байгаа юм. Шалгахгүй биш шалга л гэж байгаа юм. Хууль хяналтын байгууллагууд тодорхой улс төрчдийн нөлөөгөөр гишүүдийг шалгаж, зовоож, янаглан хорлохгүйгээр шууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байх ёстой.

Ер нь сүүлийн үед нэг ийм зүйл ажиглагдаад эхэллээ шүү дээ. Хууль хүчний байгууллагууд болон Цэц асуудалд нь оролцдог, хууль бус шийдвэр гаргадаг. Хүчтэйнх нь зөв, хүчгүйнх нь буруу л болоод байна. Хууль бус байсан ч тэр нь амилаад явчихдаг тийм л гаж буруу зүйл руу явчих гээд байна шүү дээ.

Тиймээс тэр үндсэн хуулийнх нь дагуу янаглан хорлохгүйгээр хэрвээ энэ хүн гэмт хэрэгт холбогдсон гэвэл нотлох баримттай нь авчраад түдгэлзүүлж байж шалга гэсэн үг байхгүй юу.

-Гэтэл гишүүд өөр зүйл яриад байна шүү дээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд шалгуулахгүй байх дабл стандарт үүсээд байгаа юм биш үү?

-Гишүүд попорч л байхгүй юу. Үндсэн хуулийн заалтыг нь хараарай. Үндсэн хууль дээрээ түдгэлзүүлж байж шалга гэж байгаа.

Нотлох баримттай нь түдгэлзүүлж шалгах ёстой. Түүнээс биш хэвлэлээр нэг юм явуулаад л УИХ-ын гишүүд ард түмний төлөөллийг янаглаад л шийдвэр гаргахад нь нөлөөлөөд байж болохгүй шүү дээ.

-Ер нь шийдвэр гаргалтад нөлөөлж байсан удаа бий юу? Танд ажиглагддаг уу?

-Тийм тохиолдол болж байсан шүү дээ. Янз бүрийн байгууллагуудыг ашиглаад, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байсан тохиолдлууд бий. Нэр дэвшиж байгаа хүнийг барьж саатуулж болдоггүй байхгүй юу. Гэтэл барьж саатуулаад явж л байсан шүү дээ. Ийм байдлаар төрийн шийдвэр гаргах субъктэд нөлөөлөх гээд байгаа энэ явдлыг үндсэн хуулийн дагуу хийе гэдгийг л С.Ганбаатар гишүүн хэлээд байгаа. Энэ нь зөв шүү дээ.

Жишээ нь би янз бүрийн л юм туулсан шүү дээ. Янз бүрийн хүчний байгууллагаар дарамтлаад болохгүй болохоор намаас хөөсөн байхгүй юу. Би өөрөө ч хүртэл ийм зүйлийг туулаад гарсан хүн шүү дээ.

Тиймээс ер нь их хурлын гишүүн, ард түмний төлөөлөл төрийн шийдвэр гаргах түвшинд оролцож байгаа хүнийг ямар нэг байдлаар хууль хүчний төрийн байгууллагуудын шахалт дарамтаар шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байж болохгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна