С.Ганбаатар: Дарангуйлагчид гишүүдийг бүрэн эрхтэй байхад нь шалгаж дарамталж улс төрийн шийдвэр гаргуулж байна

Х.Есү
11 цаг 40 минутын өмнө

Маргаан дагуулаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан саналын талаар өөрөөс нь тодруулж ярилцлаа.

-УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад УИХ-д сонгогдохоос өмнөх асуудлаар шалгагдахгүй гэдэг агуулга бүхий хүсэлтийг та Үндсэн хуулийн цэцэд гаргасан. Та үүн дээр тайлбар өгөөч? 

-Яг үнэнийг хэлэх юм бол УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдонгуут нь бүрэн эрхээс нь түдгэлзүүл. Энэ л миний байр суурь. Үүнийг яагаад мушгиад байгааг нь би мэдэхгүй байна. Үндсэн хуулийн 29.3-т УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан.

Өнөөдөр шоронгийн түлхүүр атгачихсан хууль хяналтад нөлөөтэй байгаа том улс төрчид бол УИХ-ын гишүүнийг бүрэн эрхтэй нь шалгаад зовоогоод дарамтлаад өөрт ашигтай шийдвэр гаргаад явуулаад байх сонирхолтой байна.  Энэ бол Монголын эрх ашигт аюултай. Хууль шүүхийн үйл ажиллагаанд саад болно.

Мөн энэ нь УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс л бүрэн эрхээс нь түдгэлзүүл гээд байгаа юм. Энгийн иргэн шүүх цагдаа дээр очоод байцаагдах, бүрэн эрхтэй хүн очоод байцаагдах хоёр өөр биз дээ.

Улс төрийн шийдвэрт нөлөөлж УИХ-ыг барьцаалахын тулд бүрэн эрхтэй нь шүүх цагдаагаар дамжуулж зовоох нь дарангуйлагч бүлэглэлд маш ашигтай учраас үүний эсрэг миний санал гарч байгаа юм.

Б.Бат-Эрдэнэ энэ саналын талаар буруу зөрүү зүйл их ярьж байна. Хаандаа таалагдах гэж долоож болно. Гэхдээ увайгүй байж болохгүй.

-Энэ заалт батлагдсанраа гишүүдийн бүрэн эрхийг шууд шууд түдгэлзүүлээд явчих юм биш үү гэдэг агуулга яригдаж байгаа. Үүн дээр тайлбар хэлвэл?

-Энэ чинь Үндсэн хууль дээр байгаа заалт шүү дээ. Үндсэн хуулиа өөрчлөх юм уу. Хуульд гэмт хэрэгт холбогдонгуут нь түдгэлзүүл гэж байна шүү дээ. Энд миний дур сонирхол алга.

-Зарим гишүүд УИХ-ын гишүүд дөрвөэ жилийн бүрэн эрхийн хугацаандаа ямар ч хууль шүүхийн байгууллагаар шалгагдахгүй гэж ойлгоод байна. Юу нь дээр үндэслэж ингэж ярьж байна гэж бодож байна?

-Шоронгийн түлхүүр атгачихсан дарангуйлагч улс төр эдийн засгийн том бүлэглэлүүд бүрэн эрхтэй байхад нь шалгаж дарамталж улс төрийн шийдвэр гаргуулах дуртай байна гэсэн үг. Энэ хуулийг чуулганаар хэлэлцүүлэхэд гурван удаа хойшилж байна. Энэ удаад ирцээ бүрдүүлчихээд орж ирэхгүй байна. Энэ бол айдас хүйдэс барьцаалалт нөлөөнд ороод байна гэж би хардаж байна.

Би дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн учраас цагдаа шүүхэд байцаагдаад, махлагдаад зүдэрч байхдаа над шиг ингэж зүдэрч байгаа хүн бол ерөөсөө л туулай болох юм байна гэдгийг ойлгосон. Би тэртээ тэргүй үр дүнг нь үзнэ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.50
    7 цагийн өмнө

    Зарчмын хувьд яалт ч үгүй буруу зүйл яриагүй л бн даа, хүмүүс ээ. Еэвэнгийн нөгөө талыг зөв л олж харсан бн. Харамсалтай нь шийдвэрлэхэд хэт хүнд санагдаад байна. Өндөр ёс зүйтэй, мэдлэг туршлагтай, бусдын төлөө өөрийгөө золиослох чадвартай сэтгэлтэй, нэр цэвэр, гар цэвэр өндөг шиг өөгүй хүн монголд үлдээгүй ч байж мэднэ. Байвал бага цалинтай гишүүн болж "тэнэгтэхгүй" байх

    Хариулах
  • 103.212.163.233
    8 цагийн өмнө

    Буруу юм буюу хулгай хийсэн байж л дарамтлуулна уу гэхээс биш!!! УИХ-д орогносон Том хулгаыч Та нар дэндүү даам гарсан улсаа тоногчид ч дээ

    Хариулах