“ТАВАНТОЛГОЙН ЦАГААН ТОЛГОЙ” номоос онцлох С.Баярын 10 “дисс” эшлэл

Zuv.mn
4 цаг 25 минутын өмнө

Ерөнхий сайд асан С.Баяр “Тавантолгойн цагаан толгой” хэмээх ном бичжээ. 

Тэрбээр уг номоороо өөрөө Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа эргэлтэд оруулсан, магадгүй өнөөдрийг хүртэл Монгол Улсын бие даан “хөдөлгөж” чадсан төслүүдээс хамгийн том нь хэвээрээ буй Тавантолгойн бүлэг орд, түүний зургаан лицензийн тавыг хэрхэн төр эзэмших болсон, үлдсэн нэг лиценз буюу олон нийтийн анхааралд буй Ухаа худагийн ордыг яагаад “Энержи ресурс”-т үлдээсэн талаар үнэн зөв ойлголт өгөхийг зорьжээ.    

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж байхдаа Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худаг “Энержи ресурс”-ын мэдэлд очсон асуудлыг судлах Ажлын хэсгийг ахалж, улмаар “Хууль зөрчсөн” гэж урьдчилан дүгнэсэн байдаг. 

Улмаар Тавантолгойн ордын талаар хоёр ч эмхэтгэл хэвлүүлж тараасан, уг эмхэтгэлдээ нэг талыг барьсан мэдээллийг түүж, зарим чухал баримт мэдээллийг орхигдуулсан нь бүрэн  агуулгатай "Тавантолгойн цагаан толгой" номыг бүтээх шалтгаан болсон байна.

О.Алтангэрэлийн Ажлын албанаас хэвлүүлсэн эмхэтгэл.

О.Алтангэрэл сайдын “Төрд байхгүй байна” гэж мэдэгдэн, олон хүний эргэлзээг төрүүлсэн Үйлдвэр худалдааны яам, “Энержи ресурс” компанийн хооронд байгуулсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 2008 оны гэрээний драфт, гэрээг байгуулахаас өмнө талуудын хийсэн есөн удаагийн уулзалтын протоколоос эхлээд л энэ ном “Бүрэн бүтэн” гэдэг агуулгаа илэрхийлж чадсан санагдсаныг юуны түрүүнд онцолъё.

“Тавантолгойн цагаан толгой” ном нь УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулагдаж, Нийтийн сонсгол явуулах асуудал яригдаж буй энэ үед гарсан нь ач холбогдолтой болжээ.

Бид та бүхэндээ уг номдоо С.Баяр сайдын илэрхийлсэн Хууль зүй дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл, түүний мэдэгдэл, хоёр боть эмхэтгэл, хууль, шийдвэрүүдийн  дотоод ёс суртахуун, төрийн залгамж чанарын талаарх зарчмын байр сууриудаас 10-ыг эшлэн хүргэж байна.

Тэрбээр өмнөх үгэндээ “...Тавантолгойн бүлэг орд газрын тухай ярих, тайлбарлан таниулах, маргах ээлж, шаардлага нь ирсэн бололтой” гэж бичсэн, О.Алтангэрэлийн эмхэтгэлийг нэг талыг барьсан, буруу ойлголт өгөх дутуу дулимаг баримт, мэдээлэлтэй гэж шүүмжилсэн учир “Тавантолгойн цагаан толгой” бол түүний өгөх хариулт гэж үзэж болно. Тиймээс онцлох эшлэлүүдээ О.Алтангэрэл нарын гаргаж тавиад буюу гол асуудлуудаас сонгож, “дисс” гэж тодотгосон болно.

“ТАВАНТОЛГОЙН ЦАГААН ТОЛГОЙ” номоос онцлох С.Баярын 10 “дисс” эшлэл

“Хийсэн ажлаа хэнээ янаагүй хэзээ ямагт хариуцах ёстой. Тэр тусмаа нэгэн цагт Засгийн газар тэргүүлж байсан хүний хувьд хийсэн ажил, гаргасан шийдвэр, тэдгээрээс үүдсэн сайн, муу үр дүнг хожим хойно ч гэлээ хариуцах үүрэгтэй гэж би үздэг”

“Тавантолгойн цагаан толгой”, IX тал

“... О.Алтангэрэл нь Ажлын албаараа дамжуулан Тавантолгой стратегийн орд газарт холбогдох баримт бичгийн эмхэтгэл” хэмээх хоёр бодть ном тараав...

...Гэхдээ ОАЭ /эмхэтгэлийг хэлж байна/-д нэгтгэж эмхэтгэсэн баримт нь бүрэн биш байна. Ялангуяа Тавантолгой орд газрын талаар гарч байсан албан ёсны зарим шийдвэр, төрийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтын материал, хийгдсэн төлбөрийн баримт зэрэг чухал чухал баримтыг оруулаагүй орхигдуулжээ. Ингэж орхигдуулсан нь санаатай, санаагүй үйлдэл байсан эсэхийг таашгүй.

...Дутуу дулимаг баримт үзсэн хүн дутуу дулимаг ойлголт л авна...”

“Тавантолгойн цагаан толгой”, X тал

“Хэлбэрээс агуулга чухал. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар ...захирамжийн 1 дүгээр заалтад  “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг ордын Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хулийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон /улаанаар тодруулжээ/ асуудал... гэсэн байна.

...Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн хийсэн хэлэлцээрийн үр дүнд “Энержи ресурс” ХХК Тавантолгойн нүүрсний бүлэг орд газарт хуулийн дагуу эзэмшиж байсан 6 лицензийн 5-ыг нь төрийн мэдэлд буцаан авч, нэгийг нь тус компанид үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилд ямар нэгэн лиценз олгоогүй, харин төрийн мэдэлд буцаан авсан...”

“Тавантолгойн цагаан толгой”, XI тал

“Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 оны сүүлээр М.Энхболдын Засгийн газарт чиглэл өгч... М.Энхболдын Засгийн газар тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газар, “Энержи ресурс” хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулсан байсан. ...30 жилийн хугацаатай тэр гэрээний төсөл ёсоор Монгол Улсын Засгийн газар, “Энержи ресурс” хоёр тавантолгойн орд газар дээр бүхэлд нь хамтарсан компани байгуулж ажиллана гэсэн байв. Тэгэхдээ төрийн мэдэлд 50 хувь өгөөд, ирээдүйн болзошгүй хөрөнгө оруулагчид 36 хувь, “Энержи ресурс”-т 14 хувь үлдэхээр төсөл боловсруулагдсан байсан. Засгийн газар дээрээ бид ярилцаж байгаад тэр төслөөс нь арай өөр хувилбараар хэлэлцээр хийхээр шийдсэн...”

...86 хувиас илүү хувийг төрийн мэдэлд авах тал дээр илүү сайн аргумент, нотолгоо гаргаж тавьж байгаад зүтгүүлэх ёстой гэж бодсон...”

“Тавантолгойн цагаан толгой”, XX тал

“Асуудлыг “Өрөөндөө дуудаж” шийдэх аргагүй, Хуулийн дагуу шийдэх нь Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувиас дээш гаргах боломжгүй. Харилцан ойлголцож байж л асуудлаа шийдэх боломжтой тул “Энержи ресурс”-тай хэлэлцээр эхлүүлэхийг Х.Наранхүү сайдад би 2007 оны сүүлээр, Ерөнхий сайд болсныхоо дараахан даалгасан...”

“Тавантолгойн цагаан толгой”, XX тал

“...Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т засанчлан, “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Стратегийн ордыг хувийн хэвшилтэй хамтран ашиглавал төрийн эзэмшлийг 50 хүртэлх хувиар тогтоох зохицуулалттай байв.

... Манай Засгийн газар гурван сар хэлэлцээр хийж, харилцан ойлголцсоны дүнд “50 хүртэлх хувь” гэсэн хуулийн заалтын шаардлагыг давуулан биелүүлж, Тавантолгойн нүүрсний бүлэг орд газрын төрийн эзэмшлийг 94 хувьд хүргэж чадсан юм...

“Тавантолгойн цагаан толгой”, XI тал

“...Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хувь хэмжээг тогтоох саналыг УИХ-д өргөн мэдүүлэх” гэж тодорхой заасан... Манай Засгийн газар “Төрийн оролцооны хувь хэмжээ 50 хүртэлх хувьтай байж болох” гэсэн 5.4-ийн дагуу яваагүй...

...”50 хүртэлх хувь байж болох” гэж заасан нь 50 хүртэлх хувь дотор яг хэдэн хувийг авах саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэр гаргуулна гэсэн үг.

...Төрийн хувь эзэмшлийг хуульд заасан хувь хэмжээнээс давуулж тогтоосон тохиолдолд энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх тухай хуулийн зохицуулалт ч үгүй юм...”

“Тавантолгойн цагаан толгой”, XXIII тал

“...Нэгэнт л Стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудал яригдаж байгаа учраас Засгийн газраас энэ чиглэлээр хийж байгаа ажил, үр дүнгийн талаар УИХ-д танилцуулж, холбогдох мэдээллийг өгч байх үүрэгтэй. Тийм ч учраас Засгийн газар холбогдох яамдаас УИХ-ын Байнгын хороо, Намын бүлгүүдэд Таантолгойн ордын төр, хувийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өгч байсан...”   

“Тавантолгойн цагаан толгой”, XXIII тал

“...Миний энэ тэмдэглэлийн дэвтэрт асуудлаа танилцуулж /УИХ-д танилцуулсныг хэлж байна/ байх үед гишүүдийн хэлж байсан үг тэмдэглээстэй байна. Цөөн хэдэн хүн “Тавантолгойн орд газрыг бүхлээр нь төрийн мэдэлд авах ёстой... зарим нь “Тэр нүүрсний ордыг төрийн мэдэлд аваад яах юм, улсын бусад уурхайнууд шиг хулгайн үүр болно” гэж байв... Гэхдээ гишүүдийн олонх нь нааштай хүлээж авсан”

“Тавантолгойн цагаан толгой”, XXIII тал

“Хүлээн зөвшөөрөөгүй бол /УИХ-ыг хэлж байна/ шууд л “Одоо наад асуудлаа УИХ-д өргөн мэдүүл, бид эндээ хэлэлцэж шийднэ” гэнэ биз дээ. Бүр цаашлаад Засгийн газар хууль зөрчсөн байна гэж үзсэн бол шууд л хуулийн хариуцлага ярьж, огцруулах асуудал босож ирнэ. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн “Энержи ресурс”-тай байгуулсан гэрээ, энэ асуудлаар Засгийн газрын боловсруулсан хувилбар, гаргасан шийдлийг үндэс болгон УИХ хэд, хэдэн тогтоол, шийдвэр гаргасан. ...Үүн дотроо оператор компанийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлах, Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанид хувьцааныхаа 50 хүртэлх хувийг улсынхаа иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалахыг Засгийн газарт үүрэг болгосон.

... Засгийн газарт өгсөн үүрэг зарим нь биелсэн, зарим нь биелээгүй...”

“Тавантолгойн цагаан толгой”, XXIII тал



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна