УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг эцэслэн батлахад ганцхан долоо хоногийн хугацаа үлдээд байна.
Харамсалтай нь МАН-ын даргын албан тушаалаас үүдэлтэй "зодоон" үргэлжилж, улстөрийн хямрал өдгөө улс орны эдийн засаг, аж ахуйн ажлуудыг царцаах хэмжээнд хүрчихээд байгаа юм.
Сандал суудлын хэрүүлээсээ болж улсын төсвөө хоёр сар гацаагаад буй МАН-ынхан одоо ч ойлголцолд хүрч чадаагүй нь өчигдөр болж өнгөрсөн үйл явцуудаас тодорхой харагдав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Сайнзориг нарын гишүүд "Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, эрх баригч МАН хоёр хуваагдсан. Гэтэл сөрөг хүчин болох АН эрх баригчдыг өвөрт орж, Засгийн газрын улаан цээжээрээ хамгаалаад байсны учир нь маш их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг кнопны наймаа болгож хийсэн байна. Энэ нь 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
630 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл байна. Ирэх 2026 онд санхүүжих дүн нь 179 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл арга хэмжээнүүдийг АН-ын гишүүдийн тойрог дээр тавьж өгч байгаа юм байна. Татвар төлөгчдийн мөнгөөр Засгийн газар өөр өөрийгөө авч үлдэх наймааг хийсэн байна. Энэ бол том төсвийн хулгай хуулийн хулгай, улс төрийн авлига. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс энэ төсвөө Засгийн газар буцааж авах ёстой.
Энэ төсөв бол авлигажсан, хээл хахуулийн төсөв байна. Тиймээс үүнийг батлах боломжгүй. Ард түмнээсээ нуусан, хулгайлсан, авилгын төсвөө татаж аваад, ахмадуудын тэтгэвэр, эмч нарын цалинг нэмэх боломжтой" хэмээн мэдэгдлээ.
Мөн Ц.Ариунзаяа, О.Саранчулуун нарын гишүүд ч төсвийг буцаах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Үүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг " Төсвийн ажлын хэсэг, байнгын хороо хуулиараа явж байгаа. Их Хурлын дэд даргыг бүлгээсээ шийдвэр гаргаад, дэмжээд оруулсан. Одоо барьцаалж, төсвийг батлахгүй гэх шантааж хийж байгаа нь зориуд юм шиг санагдаж байна. Ажлын хэсэг тэнцвэр, хязгаарыг давахгүй, тусгай шаардлагыг хангасан эсэхэд анхаарна. Урсгал зардлыг 24 хувьтай, хөрөнгийн зардлыг хувь хэмжээнд барина. Харин аливаа гишүүний санал өгөх эрхийг хязгаарлаж болохгүй. Эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд 979 тэрбум төгрөгийн таналт хийж байна. Ардчилсан намтай үгсэн хуйвалдаж хоорондоо төсөл өгөлцөж авалцдаг, мөнгө төгрөг кноп худалдаж авдаг гээд байна. Ийм зүйл байхгүй ээ. Зарим гишүүд УИХ-ын дэд даргын асуудлаар барьцаалж, төсвийг улстөржүүлж байна. Төсвийн байнгын хороо ажлын хэсэг ял наймаалцдаггүй юм.
Одоо төсвийг Засгийн газар руу буцаана гэсэн хууль байхгүй. Төсвөө хугацаанд нь баталж чадахгүй он гарчих юм бол бүх урсгал зардлууд 2025 оны түвшингээр гарна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын шинэ төслүүд явахгүй гэсэн үг" гэлээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Төсвөө эргүүлэн тат гэж байгаа хүмүүст өөр эрх ашиг байх шиг байна. Дэгээр тийм ямар ч боломж байхгүй. Ер нь бол УИХ төсвөө баталсаны дараа ҮАГ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлж Засгийн газраас оруулсан ирсэн төсвийг УИХ сайжруулсан уу, эсвэл муужруулсан уу гэдгийг хянах хэрэгтэй" хэмээн мэдэгдэв.
Засгийн газартай үгсэж, тойрогтоо хөрөнгө оруулалтын чиглэлээр төсөв шийдүүлсэн гэгдсэн АН-ынхан ч хариуд нь мэдэгдэл хийцгээлээ.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга "Тойрогтоо хөрөнгө оруулалт авсанаараа яллагдах ёстой бол тэгье. Хөдөө орон нутагт ч бас хүн амьдрах эрхтэй шүү" гэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Төрийн ажлыг гялс явуулъя, Засгийн газар нь тогтож үлдэхийн тулд УИХ-ыг авлигаддаг. Тэр авлигаа явуулах уу, байх уу гэдгээ ярилцдаг. Монголчууд харж байна, МАН хэд завсарлага авах гэсэн юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Ө.Шижир "МАН-ынхан төсвөө мартсан уу, ажлаа хийе. Ажилт хаялт зарлаад байгаа юм уу. Тийм бол тэрийгээ хэл. УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнээс долоо нь л байна. Нэг бол ажил хаялтаа албан ёсоор зарладаг юм уу. Цалингаа нэмье гээд байгаа юм уу. Засгийн газар есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2026 оны төсөв өргөн барьсан, түүнээс хойш 76 хонолоо. 76 хоногийн 56 хоногт нь та нар ямбийтлаа зодолдлоо, төсвөө хэлэлцье. Намынх нь зовлон төрийн зовлон болдог юм байна. Чуулгандаа суухгүй байгаа гишүүдийг дахиж битгий сонгоорой" хэмээн шүүмжиллээ.
Ийнхүү олон сорилттой тулж буй улсын төсөв МАН-ын талцал хуваагдал, хэрүүл дунд таг гацчихаад байх зуур бүх л салбарт ажил унаж, ард түмний амьдрал доройтсоор байна.
Цас орж, хүйтний улирал эхэлчихсэн энэ үед улс орноо бодож, төсвөө баталж ажлаа явуулах нь чухал байна, эрхэм гишүүд ээ. Намын даргын асуудлаа улсын зовлон болгохоо зогсоож, цагаан байрандаа гишүүд дундаа шийднэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна