ТӨСӨВ: Засгийн газрыг дэмжсэн гишүүд төсөвт "Цоо шинэ" 111 төсөл суулгуулж шагналаа авсан уу?

С.Гандэлгэр
4 цаг 3 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

УИХ-ын Төсвийн Байнгын хороо ирэх оны төсвийн төсөл дээр Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа. Тэгвэл Ажлын хэсэг Засгийн газрын өргөн барьсан төсвийг илт өөрчилж, олон чухал төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хасаж, шинэ төслүүд оруулж ирсэн талаар УИХ-ын гишүүд ээлж дараалан эсэргүүцсэн мэдэгдэл хийгээд байна. 

Тодруулбал 30 орчим сургууль, зургаан дотуур байр, зургаан аймгийн дулааны станц, их сургуулиудад шаардлагатай байгаа зарим хөрөнгө оруулалтыг хасжээ.  

Засгийн газар, УИХ-ын зөвшилцөн багш, эмч, ахмадуудын тэтгэврийг тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргасан. Харин төсвийн ажлын хэсэг үүнээс гадна нийтдээ 1.1 их наядын төсөвт өртөгтэй, түүнийхээ 363 тэрбумыг нь ирэх онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг тойргуудад төсөвлөсөн байна. Гишүүдийн ярьж байгаагаар, 111 төсөл хөтөлбөр Засгийн газрын өргөн барьсан төсөв дээр гэнэт орж иржээ.

Шинээр оруулж ирсэн 111 төсөл хөтөлбөрүүдээс жишээ авбал: 

  • Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээнд Нийт 224тэрбум, ирэх онд 96 тэрбум
  • Ховд аймгийн төвийн авто зам: Нийт 10 тэрбум, ирэх онд 3,3тэрбум
  • Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замаас Уянга сум хүртэлх авто зам: Нийт 30 тэрбум, ирэх онд 10 тэрбум
  • Ногоон хот- Тогтвортой хөгжлийн дэд бүтцийн төсөл: Нийт 30 тэрбум, ирэх онд 20 тэрбум
  • Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын 2-р хэсэг: Нийт 230 тэрбум, ирэх онд 20 тэрбум 
  • Баянхонгор-Архангай, Чулуут сум хүртэлх авто зам: Нийт 45,8 тэрбум, ирэх онд 15 тэрбум
  • Ховд аймгийн Зэрэг суманд Бизнес Инкубатор төв: Нийт 5 тэрбум, ирэх онд 1,8 тэрбум
  • Их тамираас Тайхар чулуу 3,2км зам: Нийт 5,8 тэрбум, ирэх онд 1 тэрбум
  • Аудитын барилга худалдан авах Сүхбаатар, Баруун-Урт 1,3 тэрбум гэх мэт 111 арга хэмжээг нэмэхээр болжээ.
  • Дижитал урлаг, монгол бичиг, ёс заншлын тоног төхөөрөмж /Төв аймаг/: Нийт 4,5 тэрбум, ирэх онд 4.5 тэрбум
  • Ухаалаг сургалтын орчныг бүрдүүлэх тоног төхөөрөмж /Төв аймаг/: Нийт 3,5 тэрбум

Гэх мэт зайлшгүй ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй төсөл хөтөлбөр дээрх 111 төсөл дунд олон байна. Төсвийн ерөнхийлөгч захирагчид өөрсдийн хариуцсан салбар бүрт хамгийн чухал, шаардлагатай гэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт тусгадаг. Ингэж ч явсаар ирсэн. Гэтэл энэ удаагийн төсөв батлах процесс дунд бүхэл бүтэн 111 төсөл гэнэт орж ирсэн нь хачирхалтай. 

Өмнө нь тойргийн хөрөнгө оруулалт нэрээр сонгуулийн тойрогтооо хөрөнгө оруулалт татаж, "усалдаг" байсан бол энэ удаад "бүсчилсэн хөгжил", "бүсийн хөрөнгө оруулалт" нэрээр гишүүдэд төсөв хуваарилдаг гэх хардлага явж буй. 

Үүнийг ч УИХ-ын зарим гишүүд шүүмжилсээр байгаа билээ. Эл процессыг УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд, Засгийн газрыг огцрохыг дэмжээгүй МАН-ын бүлгийн гишүүд л мэдэж байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдрийн /2025.11.07/ үдээс өмнөх чуулганаас завсарлага авч, бүлэг дээрээ эл асуудлыг хэлэлцэх ёстой байсан гэдгийг гишүүд ярьж байгаа юм. 

Түүнчлэн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй гишүүд "шагналаа авч байна" гэх зүйлийг ч дээрх гэнэт орж ирсэн 111 төслийг эсэргүүцэж буй гишүүд ярьж байгаа юм. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.134
    3 минутын өмнө

    Ёстой нээрээ ямар ч үр ашиггүй х.оруулалт оруулж сургууль цэцэрлэгийн төсөв хасч байдаг яаж ард түмнийг төлөөлж суугаа гэж санал өгч баына аа. Кноп дарсан бүгдийг нь тэнгэр нисгээрэй. Шижир гэж залуу гишүүн бүр хэлээд л байсан даа

    Хариулах