УИХ Ухаахудагийг шалгах эсэх дээр талцан хэрэлдэж, МАН-ын бүлэг завсарлага авлаа

Zuv.mn
3 цаг 41 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүдийн санал 46, 46-гаар тэнцэж, санал дэмжигдсэнгүй. Үүнийг мэдсэн юм шиг Х.Тэмүүжин гишүүн Хянан шалгах түр хороо бол иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой учраас хуульд заасан тодорхой тооны гишүүд нэгдээд санаачилсан тохиолдолд УИХ Түр хороог нь байгуулж өгөх ёстой шүү. Хэрвээ баталж өгөхгүй бол цаашдаа АН-ын 42 гишүүн бүгд нийлээд ч нэг ч Хянан шалгах түр хороо байгуулж чадахгүй, эрх баригчид зогсоох жишиг тогтоно” гэж сануулж байсан юм.

33 гишүүн санаачилж, 46 гишүүн дэмжсэн санал унаж байгаа нь түүний хэлснийг баталсан хэрэг болсон. О.Алтангэрэл гишүүн санал хураалтад программын алдаа гарсан байж болзошгүй талаар маргахад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Өмнөх дээр бага санал гарсан. Би дахиж санал хураагаад харин ч дээрдүүллээ” гэх нь сонсогдсон.

Улмаар Үндэсний эвслийн Б.Пүрэвдаваа гишүүн горимын санал гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал энэ асуудлаар түр завсарлага авсан юм. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна