Х.Ганхуяг: Надаар улстөр хийж болно оо. Улсын төсвөөр битгий улстөр хий...

С.Гандэлгэр
3 цаг 26 минутын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үеэр УИХ-ын гишүүдийг ямар санал өгөхийг улаан, ногоон өнгийн лааз өргөж, удирдсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан. 

Үүнтэй холбоотойгоор Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр "Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн нэмэгдэл гээд төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэг нэмэх шаардлагатай зүйлсээ нэмж, төсвөө цаг хугацаанд нь батлуулах гээд ажилласаар л сууна.

2026 оны улсын төсвийг батлуулахгүй байх сонирхол бүхий бүлэг улаан, ногоон лааз гэж ирээд л дайрч байна.

УИХ-аар төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн. Ирэх оны төсвийн зардлаас 1 их наяд төгрөг танаж багш, эмч нарын цалин ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байна. Бүтэн гурван удаагийн хэлэлцүүлэг явах хугацаанд ерөнхий нөхцөлөө бүрэн ойлгочихсон гишүүд чуулган дээр улаан ногоон лааз өргүүлээд надад удирдуулна гэж юу байх вэ.

Ардчилсан намын төсөв, Ардын намын төсөв гэж байхгүй. Монгол Улсын нэгдсэн төсөв л гэж байгаа. Харин энэ төсвийг батлуулахгүй гэсэн сонирхолтой бүлэг хүмүүс их байна.

Тэд шалтаг, шалтгаан өө хайж сүүлдээ улаан ногоон лааз гэх улс төрийн жүжиг дэглээд байдаг л чадлаараа харлуулах гэж хичээж байх шиг. Ямар ч зүйлийг улс төр болгож эвлүүлж харлуулж чаддаг Пи-Арын технологи нь улаан ногоон лааз гэх ядарсан аргаар төсвийг харлуулж улмаар батлуулахгүй байх эцсийн зорилготой.

Төсөв батлагдахгүй бол Засгийн газар, УИХ-аас амласан багш эмч нарын цалингийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, ахмад настны тэтгэврийн нэмэгдэл гээд бүх зүйл хэрэгжих боломжгүй болно. Эцсийн дүнд УИХ, Засгийн газрыг муухай харагдуулах гэж улаан ногоон лаазыг хүртэл харлуулах технологидоо ашиглаж байгаа бүлэг хүмүүсийн зорилго биелнэ.

Улсын төсөв бол намын талцал маргааны золиос биш шүү. Монгол Улсын иргэдийн амьдрал гэдгийг онцгойлон хэлье" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна