Г.Дамдиннямын танилцуулсан уул уурхайн салбарт хийгдэх ОНЦЛОХ ажлууд

С.Гандэлгэр
3 цаг 14 минутын өмнө

Монгол Улс Засгийн газар “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өчигдөр танилцуулсан. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх бодлого, хийгдэх ажлуудын талаар ярьсан ОНЦЛОХ ишлэлүүдийг хүргэж байна.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням

-Үйлдвэрүүд ашиглалтад орно. Бидний хувьд бодлогын эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй байна.

-2026-2030 оны үндсэн чиглэлд туссанаар олборлоод гаргадаг бус боловсруулдаг, баяжуулдаг, үйлдвэрлэдэг орон болох зорилго тавьсан.

-Одоогийн байдлаар 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

-Иймд бид хууль эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах хэрэгцээ үүссэн.

-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг АҮЭБЯ боловсруулаад холбогдох яамдад хүргүүлсэн байгаа.

-АМНАТ болон татварын бодлогоор хэн үйлдвэрлэж байна, хэн нэмүү өртөг шингээж байна, хэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна түүнд давуу байдал олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.

УИХ-аар энэ хууль батлагдсанаар үйлдвэрлэл эрс сэргэнэ. Дотоодын баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн тухайд ийм ажил хийгдэнэ.

1. Зэс хайлуулах үйлдвэр буюу Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх технологийн паркийг ашиглалтад оруулж, жилд 560 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор баригдах юм. Үйлдвэрийн дэд бүтэц нь улсын төсвийн хөрөнгөөр, үйлдвэрлэлийн хэсэг нь төр хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар баригдана. Тус үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг наймдугаар сард шинэчилж баталсан. Барилгын ажил 2.6 жилийн хугацаанд хийгдэх төлөвлөгөөтэй.

2. Дархан-Сэлэнгийн бүсэд 1 сая тонн төмөр хайлуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Эрдэнэс Монгол” болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран хэрэгжүүлнэ. Ойрын үед албан ёсоор зарлахаар бэлтгэж байна.

3. Газрын тос боловсруулах үйлдвэр нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой.

Биднийг ажил авахад 27 хувийн гүйцэтгэлтэй байсан, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд эрчимжүүлснээр гүйцэтгэл 50 хувьд хүрсэн. Маш олон бэрхшээлтэй анхаарахгүй байсан асуудал бий.

Одоо бол бүх тоног төхөөрөмжийн суурь дэд бүтцүүд хийгдээд дууссан. Том хэмжээний лицензтэй нэрэх, цэвэршүүлэх, дамжуулах, халаах, хөргөх үйлдвэрийн технологийн захиалга хийгдсэн. Энэ өвөлдөө багтаад ачигдаж ирнэ. Ирэх таван жилд гурван том үйлдвэр ашиглалтад орно. Мөн баяжуулах болон боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах зорилго тавьж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.70.34.70
    1 цагийн өмнө

    Алт цэвэршүүлэх үйлдвэрээ бас хурдан бариач ээ, амин чухал асуудал шүү.

    Хариулах