Ө.Шижир: МАН сүүлийн 10 жилд 200 их наядыг захиран зарцуулчхаад одоо төсөв дээр гоншигнох хэрэггүй

Х.Есү
3 цаг 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн тав дахь өдрийн чуулганаар төсөв хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг улаан ногоон лааз өргөж, танхимыг удирдаж байна гэдэг асуудал гарсан. Төсөв хэлэлцэх энэхүү үйл явц хэр хуулийн дагуу зүй ёсны явж байна гэж харж байна вэ?

-Өнгөрсөн тав дахь өдөр чуулган дээр болсон үйл явдлыг би юу гэж бодсон бэ гэхээр МАН эхлээд намын даргын асуудлаас болоод хоёр тийшээ болсон. Дараа нь төсвөөс болж хоёр тийшээ хуваагдлаа. Тэгэхээр үндсэндээ өөрийн намынхандаа чиглэл өгч байгаа хэлбэр л гэж ойлгосон.

Нам нь хоёр хуваагдчихсан учраас өөрийнхөө саналыг авч гарахын тулд нэг талд нь ногооноо дэмжээрэй, нөгөө талдаа улаанаар дэмжээрэй гэж байгаа л хэлбэр шүү дээ.

-МАН-ын зарим гишүүд АН-ынханд чиглэл өгөөд байна гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ?

-Эд нар ямар өөрсдөө бид нар ингэсэн юм аа гэж үнэнээ хэлэх биш. 2016 оноос хойш МАН эрх авсан тийм биз. Эрх авчхаад сүүлийн 10 жилд 200 их наяд төгрөг захиран зарцуулсан. Сүүлийн 10 жилд ингэж хөрөнгө захиран зарцуулчхаад одоо төсөв дээр гоншигнох хэрэг байхгүй.

УИХ-ын гишүүн өөрийн бүрэн эрхийнхээ дагуу төсөвт санал өгөх эрхтэй. Түүний дагуу л манай намын гишүүд саналаа өгсөн байна лээ. Түүнийг авлаа гээд төсөв данхайгаад байгаа зүйл байхгүй. Сүүлийн 10 жилд ингэж хөрөнгө захиран зарцуулчхаад одоо төсөв дээр ямар нэгэн шүүмжлэл хэлэх шаардлага огт байхгүй. Тэр алдаагаа өөрсдөөсөө л хайх хэрэгтэй.

Ер нь бол тэр суманд ч гэсэн шийдэх ёстой асуудал байгаа. Тойргоосоо сонгогдсон манай АН-ын гишүүд санал тавьсны төлөө яагаад эд нарт ингэж хэлүүлэх ёстой юм.

Зөвхөн сүүлийн гурван жил 100 их наяд төгрөг захиран зарцуулж байна. Энэ дотор нөгөө төрийн өмчит компаниудын мөнгө төгрөг ороогүй шүү дээ. Төр чинь өөрөө 120 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Энэ хөрөнгийнх нь мэдээлэл байхгүй. Өөрсдөө ингэж дураараа дүүлж, дунд чөмгөөрөө жиргэдэг юм байж, АН-ын гурван гишүүн санал гаргасны төлөө ингэж болохгүй. Өөрсдөөсөө алдаагаа хайх хэрэгтэй.

-Таны хувьд төсөв дээр үр ашиггүй зүйл олон байна гэж ярьж байсан атлаа намынх нь гишүүд тойрогтоо зам барилгын төсөв оруулж ирж байхад чимээгүй байна гэдэг хэр зөв бэ?

-Анх өргөн барьсан төсөв чинь анхны дүнгээсээ нэмэгдээгүй байгаа шүү дээ. Дотор нь зохицуулалт л хийсэн. Жишээ нь сургуулийн барилга нь нурж уначхаад хоёр жил өөр байранд хичээллэж байгаа тэр сумын төвийн сургуулийг энэ төсвөөр шийдэж өгөх ёстой шүү дээ. Ийм л асуудлыг ярьж байгаа.

Гахай илүү эрхтэй гэдэг шиг МАН 200 их наяд төгрөг зарцуулчхаад манай намынхныг шүүмжилж болохгүй.

-2026 оны төсвийн хэр ард иргэддээ ээлтэй төсөв болсон гэж бодож байна?

-Анх есдүгээр сарын 1-нд төсөв өргөн бариад, түүн дээр нь төсвийн ажлын хэсэг ажиллаад тодорхой тоонд боогоод ороод ирлээ. Энэ төсвөөр бүх асуудлыг шийдэх боломж байхгүй гэдгийг харсан. 2026 оны төсөв дээрээс урсгал зардлыг танаагүй.

Нэгдүгээрт төсөвт өртгийн нэмэгдлийг танаагүй. Зөвхөн 2026 онд шилжиж орж ирж байгаа 139 төсөл дээр 508 тэрбум төгрөгийн төсөвт өртөг нэмэгдүүлсэн. Сүүлийн гурван жилээр ярих юм бол хоёр их наяд төгрөгийн төсөвт өртөг нэмэгдүүлсэн.

2016 оноос МАН эрх барьж байхад төрийн байгууллагуудын урсгал зардал 945 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 4.5 их наяд төгрөг болсон. За ингээд төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа хоёр их наяд, урсгал зардлаа нэмж байгаа 3.5 их наяд. Бид эндээс хэмнэлт хийж чадвал бидэнд мөнгө байна. Монгол Улс маш их мөнгөтэй. Дандаа буруу төлөвлөсөн" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.62
    1 цагийн өмнө

    МАН-н хулгайчууд яасан идэж ханаж цаддаггүй хулгайчууд вэ? Бүгдийнх нь хөрөнгийг хурааж гянданд хорих хэрэгтэй.

    Хариулах