МАН-ын даргаар өрсөлдөгчгүй сонгогдох дүр Н.Учрал

С.Гандэлгэр
3 цаг 32 минутын өмнө

МАН-ын XXI дэх их хурал маргааш /2025.11.15/ болж, даргаа сонгоно.

Намын даргын суудлаас улбаалж, "салам зодолдсон" Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. Араас нь намын даргад өрсөлдөх амбицтай байсан Ж.Энхбаяр, Д.Бямбацогт, Х.Нямбаатар нарын улстөрчид ээлж дараалан өрсөлдөөнд орохгүйгээ мэдэгдлээ.

Ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явцаас харахад үндсэндээ Н.Учрал өрсөлдөгчгүй МАН-ын даргаар сонгогдох нь тодорхой болов.

Улс төрд үүсэн гацаа, хямралт байдлаас шалтгаалж, бүх түвшинд улс орны ажил шат шатандаа зогсонги байдалд орчихоод байгаа нь бодит үнэн.

Аргагүй цаг хугацаа нь хоолойд тулсан байсан тул Монгол Улсын 2026 оны  төсөв, түүнийг дагалдсан хуулиудыг баталсан. Асар их сорилттой тулж, батлагдсан төсөв тодотголд орох нь цаг хугацааны асуудал биз.

Намынхаа томчуудын зодооныг харж яахаа мэдэхээ больсон намын гишүүдээ тайвшруулахаа ч тэд мартсангүй.

Хоёр тал болж, хоёр сар гаруй хугацаанд зодолдсон МАН-ынхан эвлэрсэн, хагаралд цэг тавьсан хэмээн өнөөдөр мэдэгдсэн зэрэг нь хурлын өмнө түүний замыг засчихаж буй үйл явц болов.

Н.Учрал МАН-ын даргын сүүлийн хувилбараар тогтсон нь дараах хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт, үе хоорондын тэмцэлд "ялсан" 70-аад оныхон намын залуусынхаа дэмжлэгийг алдахгүй, авч үлдэх ёстой. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчтэй ойр шадарлаж ирсэн Н.Учрал аль ч үеийнхэнтэй нийцтэй, хамтарч ажиллаж чадах дүр юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна