М.Бадамсүрэн тэргүүтэй гишүүд дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Х.Есү
3 цаг 20 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр (2025.11.14) Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.

Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан юм.

Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.” гэснийг нарийвчлан зохицуулах, улмаар “Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь “дэмжих эсэх”-ээр санал хураана.” гэж шинэчлэн тусгахаар боловсруулжээ.


Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах хугацааг нарийвчлан заасан гэв.

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа явдалд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгийг хуулийн дагуу явуулахаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна