Н.Учрал 2028 он хүртэл Г.Занданшатарын тархинд “Түрээсгүй оршихоор” болов уу

Х.Батсайхан
14 цаг 9 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон МАН-ын 31 дүгээр их хурлаар намын даргын сонгууль, Үндсэн дүрмийг шинэчилж батлах гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн билээ. 

Эхний өдөр болсон намын даргын сонгуульд Н.Учрал, Б.Лхагважав нар нэр дэвшиж Н.Учрал 94.5 хувийн саналаар ялж намын дарга болсон. Харин өчигдөр буюу хоёр дахь өдөх хэлэлцсэн намын шинэ Үндсэн дүрмийг хэлэлцэх үед одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн дүрмийн 24.3 буюу “Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг заалт хамгийн ихээр анхаарал татаж байв.

Хэрвээ заалтыг хүчингүй болговол Г.Занданшатарын Засгийн газрын тогтвортой байдал хангагдах, хэвээр үлдээвэл эсрэгээрээ болох байв. Тодруулбал, намаасаа 94.5 хувийн дэмжлэг авчихсан Н.Учрал хэзээ ч хамаагүй намын дүрмийг гул барин “Албан тушаалыг минь өгөөч ээ” гэж хэлж болох нөхцөл байдлыг 24.3 дугаар заалт үүсгэж байгаа юм.

Тэгвэл өчигдөр дүрэм хэлэлцэх үеэр 24.3 буюу намын дарга Ерөнхий сайд байх заалтыг гишүүдийн олонхын саналаар авч үлдсэнээр, Г.Занданшатар 2028 он хүртэл /Эсвэл хэвлэлээр бичиж байгаа шиг 2027 оны Ерөнхийлгчийн сонгуульд нэр дэвштэлээ/ намын даргатайгаа сайтар ойлголцож ажиллах шаардлагатай болж байна.  

Учир нь, Засгийн газар хэдий тогтвортой ажиллах ёстой ч “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” гэдэг шиг бүх улс төрийн намуудыг оруулах байдлаар нэг удаа хөдөлгөх шаанс бий. Тэр үед дүрмийн зөрчилтэй Ерөнхий сайдтай байх уу, үгүй юу гэдэг асуудал сөхөгдвөл байдал эвгүйтэх юм.

Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсон процессыг буруу болсон гэж шүүмжилдэг хэсэг бүлэг бий. Тодруулбал, Удирдах зөвлөл, Бага хурал Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилуулах асуудлыг УИХ-д оруулж ирэхээсээ өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгчээр ажилуулж, тэр хооронд намын Их хурлаа зарлаж хуралдуулаад намын даргын сонгууль явуулж, дараа нь ялагчийн нэрийг Парламентад оруулж ирэх ёстой байсан шүүмж одоо ч дагадаг.

Тийм ч учраас намын даргын сонгуульд өрсөлдөж, дүрмийн зөрчлөө арилгах болов уу гэж харж байсан. Гэвч АСЗХ, НАМЗХ хоёрын дундын хувилбар маягаар Н.Учралыг дэвшүүлэн эв нэгдлийг хадгалж үлдэх гэдэг дээр тохирсон учир Засгийн газраа авч үлдэх амтайгаар нэрээ татсан гэдэг. 

Гэхдээ, цаанаас өгсөн амлалт нь Намын Үндсэн дүрэм өөрчлөх лав биш байж. Мөн байсан ч дэмжлэг авсангүй. Ингэснээр, дуунд гардаг шиг, Н.Учрал нэг хэсэгтээ л /2027 эсвэл 2028 он хүртэл ч юм уу/ Г.Занданшатарын тархинд түрээсгүй оршихоор болж байх шиг байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.88
    1 цагийн өмнө

    Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд л Ерөнхий сайдын албан тушаал хэрэгтэй !

    Хариулах
  • 103.168.34.62
    2 цагийн өмнө

    Shine Er songogdson baga hural buhniig shiidver deeEr ni bol buh zuil Zandangiin erseldegchgui songogdoh hustlers bolloo gej Ahmad gishuunii huvid uzeegui shuu

    Хариулах