Москва хотноо болж буй ШХАБ-ын Ерөнхий сайд нарын уулзалтад ажиглагчаар оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустинтай уулзлаа.
Уулзалтын үеэр М.Мишустин Ерөнхий сайд Г.Занданшатарыг орос хэлний чадварыг магтаж, 70 гаруй мянган монгол хүн ОХУ-ын их, дээд болон ЕБС-иудад суралцаж боловсрол эзэмшсэнийг дурьдаад, Г.Занданшатар тэдний нэг гэдгийг онцолсон байна.
Мөн Монголын хүүхэд залуучуудад орос хэлийг эзэмшүүлэх нь чухал гэжээ.
М.Мишустин манай улсын талаар “Монгол Улс бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь бидний стратегийн түнш юм. Бидний харилцаа Орос, Монголын ард түмний хоорондын урт удаан хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан дэмжлэг дээр суурилдаг.
Ерөнхийлөгч Владимир Путин, ноён Хүрэлсүх нарын 5-р сарын 7-нд Москвад, 9-р сарын 2-нд Бээжинд хийсэн хэлэлцээ нь Орос-Монголын олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх харилцан сонирхлыг маань баталгаажуулсан. Бид засгийн газруудаараа дамжуулан стратегийн төслүүдийг, ялангуяа эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, хүмүүнлэгийн чиглэлээр урагшлуулах таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комисс идэвхтэй ажиллаж байна. Үүнийг манай Байгалийн нөөцийн сайд Александр Козлов ахалж байна. Бид Монголын талаас шинэ хамтран дарга томилогдохыг хүлээж байна. Засгийн газар хоорондын комиссын дараагийн хуралдааныг жилийн эцэс гэхэд тантай тохиролцсон огнооны дагуу Улаанбаатарт зохион байгуулахыг санал болгож байна” хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна