Зөв.мн сайтын сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийг зорилоо.
Учир юу вэ гэвэл 2015 онд хувьчилж 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшил хөрөнгө оруулагчид хуучин нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг байсан технологийг байгаль орчинд ээлтэй, ус, эрчим хүч бага хэрэглэдэг хуурай аргын технологи болгож, шинэ үйлдвэр барьж өргөжүүлсэн байдаг.
Улмаар нийт хүчин чадал жилийн 200 мянгаас 1 сая тонн руу хүргэсэн байдаг. 2015-2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 7 жил хувийн хэвшил үйлдвэрийг ашигтай ажиллуулж, Хөтөл хотын дулааныг хангаж, амжилттай явсаар ирсэн.
Гэтэл 2022 онд тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувьчлалтай холбоотой ЗГ-ын тогтоолыг хүчингүй болгож, төрд хураан авсан байдаг.
Үүнээс хойш гурван жилийн хугацаанд дөрвөн захирлын нүүр үзэж буй тус компани ашигтай ажиллах бус алдагдалтай ажиллаж, ажилчдынхаа цалингаас илүү гарахгүй нөхцөл байдалд хүрсэн.
Улсын бүтээн байгуулалтад том хувь нэмэр оруулах, цементийн зах зээлийн үнэ барих зэрэг олон үүрэгтэй тус компани нэг жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хэдий ч сүүлийн гурван жилийн хугацаанд 200-300 мянган тонн цемент үйлдвэрлэж, жилийн ашигтай ажиллах улиралдаа хангалттай сайн ажиллахгүй байгаа юм.
Төрийн өмчит компанийн ийнхүү алдагдалтай ажиллаж байгаа нь удирдлага менежменттэй шууд холбоотой гэж харж болно.
Угтаа бол Төрийн өмчит компани тэр дундаа барилгын салбарын энэ хүнд үйлдвэрийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалтаар томилох ёстой хэдий ч өнөөдөр "Цүнх баригчдын шагнал" болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
Төрд авснаас хойших эхний захирлаар Л.Наранбаатар томилогдсон. Тэрбээр ажиллаж байхдаа Төрийн өмчит компанийг хувийн компани шигээ аашилж, ах дүү хамаатан саднаа үйлдвэрийн удирдлагаар томилсон байдаг. Түүний дараа Л.Наранбаатарын үеэл Д.Баттүвшинг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байдаг.
Д.Баттүвшин захирлаар ажиллах хугацаанд "Цемент шохой" ХХК-ийн цэвэр ашиг өмнөх онуудаас 564 дахин багассан талаар бид мэдээлж байсан. Улмаар ЗГХЭГ-ын сайд С.Бямбацогт Цемент Шохойн үйлдвэр үндсэндээ дампуурсныг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хөтөлд ажиллах үеэрээ мэдэгдсэн. Түүний хэлснээр тус үйлдвэр Монгол улсын хөгжилд дэм биш дөнгө болоод байгаа юм. Бямбацогтын хэлснээр тус үйлдвэр нь 1 төгрөг олох гэж 1 төгрөг 70 мөнгөний зардал гаргаж байгаа буюу 70 хувийн алдагдалтай ажиллаж байна.
Ийнхүү Д.Баттүвшинг АТГ-аас шалгаж, ажлаа өгсөн байдаг.
Сүүлд Лүүлүүгийн Ганбаатар буюу Ч.Ундрам сайдын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан хүнийг мөн л сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон.
Төрийн албаны сонгон шалгаруулалтгүй, хууль зөрчиж шууд томилогдсон энэ хүн жолооч мэргэжилтэй. Сүүлийн сар гаруйн хугацаанд тус үйлдвэрт АТГ-аас шалгалт хийж байгаа бөгөөд нэлээдгүй зөрчил гарч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Дээрх мэдээллүүдийг үндэслэн Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар үйлдвэрийн ажилчид болон сум орон нутгийн удирдлагуудаас бодит мэдээллийг сурвалжлан хүргэж байна.
"Цемент шохой" ХХК-ийн Аж ахуйн албаны дарга Х.Пүрэвхүү "Би Хөтөлд 34 дэх жилдээ ажиллаж байна. Цахилгаанчнаас эхлээд бүхий л шатанд ажиллаж үзсэн. Хувь байхад нь ч төрд байхад нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ удирдлагын томилгоог огт ойлгохгүй байна. Миний бодлоор намын томилгоо л явж байх шиг байна. Би өөрөө нам бус учир энэ асуудлыг огт ойлгохгүй байна. Сонгон шалгаруулалтаа хийлгүй намын хүнээ томилж байна.
Уул уурхай, барилгын салбарын мэргэжлийн хүнийг томилохгүй байгаад ажилчид санаа зовж байна. Мэргэжлийн, ажлаа мэддэг хүн томилогдвол үйлдвэрийн ажил илүү үр дүнтэй явах байх. Шинэ захирал Л.Ганбаатар гэдэг хүний талаар ямар ч мэдээлэл байхгүй, таних ч үгүй. Нэг л удаа уулзаж үзсэн" гэв.
"Цемент шохой" ХХК-ийн ХАБ-ын инженер "Би энэ үйлдвэрт зургаан жил ажиллаж байна. Ойр ойрхон удирдлага солигдож байгаа нь ажилчдад хүндрэлтэй байна. Барилгын салбарын үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, бодлогоор л явах ёстой.
Төрд авснаас хойш улс төрийн томилгоо хийж, улс төр хутгаж байгаа нь маш буруу. Би шинэ захирал Л.Ганбаатартай төрийн албанд цуг ажиллаж байсан. Энэ хүн чинь барилгын салбарын хүн биш, машин механикт мэргэжилтэй хүн шүү дээ.
Ажилчид бидний зүгээс мэргэжлийн хүн, сонгон шалгаруулалтаараа томилогдож, зөв бодлого менежмент хэрэгжүүлэхийг л хүсэж байна. Тэгж байж бидний цалин мөнгө болоод нийгмийн асуудлууд шийдэгдэнэ" гэв.
Хөтөлийн "Цемент шохой" ХХК-д Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ихэнх иргэд ажиллаж, амьдралаа залгуулдаг. Мөн тус сумын төсвийн 60-70 хувийг тус үйлдвэр бүрдүүлдэг. Тэгэхээр энэ асуудал зөвхөн үйлдвэрийн ажилчдын асуудал бус Сайхан сумын 10.000 иргэний асуудал болж хувирч байгаа юм.
Үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа нь сум орон нутагт хэрхэн нөлөөлж байгаа талаар нутгийн удирдлагуудаас тодрууллаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга А.Дэмчигжав "Энэ бол химийн хүнд үйлдвэр учир улс төрийн томилгоо байх ёсгүй.
Төрийн ийм менежментээр явах юм бол 2026 онд санхүү, техник тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд маш хүнд байдалд орно. Үйлдвэр ажиллахгүй бол төсвөө бүрдүүлж чадахгүй, төсвийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал зардлаа хуваарилж чадахгүй.
Компанийг яаж хурдан сэргээх вэ?
Мэргэжлийн менежментийн баг үйлдвэрийг ажиллуулж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Тэгвэл үйлдвэр нэг, хоёр жилийн дотор босоод л ирнэ. Гэтэл дандаа улс төрийн зорилготой, улс төрийн томилгоо буюу үүрэг гүйцэтгэгч тавьчихаад нэг, хоёр жил болоод л сольдог.
2015 онд хувьчилж авсан "Күй Эс Си" компаниас нь салбарыг хамгийн сайн мэддэг менежер гээд А.Шоовдор гуайг гүйцэтгэх захирлаар томилж байсан. 2021 он хүртэл ажилласан. 2021 оноос хойш А.Чинбат гэдэг захирал байсан. Уул уурхайн салбарт менежментээр ажиллаж байсан туршлагатай улсууд ирсэн. 40 жилийн түүхэнд олон захирал ажилласан ч дандаа салбарын ахмад инженерүүд ажиллаж байсан.
Цементийн үйлдвэрт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэж 10 жил зарцуулдаг. Хэн нэгэн дуртай нь ирээд ажилладаг салбар биш. Доороос нь эхлээд дээшээ өгсөх мерит зарчим алдагдаж байна. Хэний цүнх баригч Хөтөлийн “Цемент шохой”-н удирдлагаар очих вэ гэдэг л болсон. Энэ байдал ажилчдын уур амьсгалд нөлөөлж, ажлаа мэдэхгүй улс төрийн томилгоотой дарга нараас болж чадварлаг залуусын тархи нь гоожоод дуусаж байна" гэлээ.
Хөгжилд дэм болохоос илүү дөнгө болоод байгаа Хөтөлийн Цементийн үйлдвэрийг цаашдаа намын гишүүд зайдагнаж, халаасаа түнтийлгэдэг эх үүсвэр болгосоор байх уу ?
Төрийн өмчит компани ашигтай ажиллаж байж улс орны эдийн засаг болоод бүтээн байгуулалтууд цааш үргэлжилнэ. Иймд Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн менежментийг сайжруулж, зарчмаараа ажиллахыг ажилчид шаардаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна