О.Номинчимэг: Тамхин бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлж хүүхэд өсвөр үеэ хамгаална

Х.Есү
3 цаг 6 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ынгг гишүүн О.Номинчимэг танилцуулга хийлээ. 

"УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

2012 онд Эрүүл мэндийн яамнаас санаачилж батлуулсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт сайн эрх зүйн орчныг бий болгож, бодит үр дүн гаргасныг бид бүгд мэднэ. Тухайн үед бид тамхи гэдгийг нэг ижил зүйлээр ойлгож, төсөөлдөг байсан. Харин өнөөдөр тамхины хэлбэр, хэрэглээ шинэ хэв маягт орсноор одоо мөрдөгдөж байгаа хууль шинэ сорилттой нүүр тулаад байна.

УИХ өмнө гаргасан амжилт дээрээ тулгуурлаж, хүндээ ээлтэй хүн төвтэй хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд нийгэмд шинээр үүсээд буй сорилт буюу хүүхэд өсвөр үеийнхий тамхины хэрэглээг бууруулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зүй ёсны шаардлага үүссэн. Иймд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг олон улсын сайн туршлага, Монгол Улсынхаа нөхцөл байдалд тулгуурласан тооцоо судалгаанд үндэслэж боловсрууллаа.

Нэгдүгээрт. Хуулийн төслөөр шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулж хяналт тавина.

ДЭМБ-ын 2022 оны тооцооллоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч, Ази Номхон далайн бүсийн орнуудын дунд хамгийн өндөр тархалттай орны долоодугаарт жагсаж байна. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд, нялхас өтгөсөө оруулаад жилд дунджаар 1,000 ширхэг янжуур тамхи буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр, 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оноос хоёр дахин ихэсжээ. Мөн 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи Монгол Улсад орж ирж байсан бол 2024 онд энэ тоо 8.2 сая ширхэг буюу 4 жилийн дотор даруй 175 дахин өсжээ.

ЭМЯ болон ДЭМБ-ын Монгол Улсад хийсэн судалгаагаар 2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь нь утаат тамхи, 3.5 хувь нь шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 20 хувь, 25 хувь болж огцом өссөн дүнтэй судалгаа гарчээ. Үүнийг энгийнээр хэлбэл 13-17 настай таван сурагч тутмын нэг нь янжуур, дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгааг харуулж байна.

Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи нь хүн ам зүйн хүрээнд хор багатай гэдэг нь нотлогдоогүйгээр үл барам хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлдөг нь олон судалгаагаар нотлогдсоор байна. Олон улсын судалгаагаар электрон тамхин бүтээгдэхүүн нь хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэй болохыг тогтоосон. Мөн электрон тамхи нь тамхинаас гарах үр дүнтэй хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгаа талаар дурдсан байна.

Ийм ч учраас Сингапур, Норвеги, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон. 82 улс хууль тогтоомжоор эдийн засгийн болон эдийн засгийн бус зохицуулалт хийсэн. Үүний дотор Эстони, Финланд, Австрали, Шинэ Зеланд, Дани, Герман, АНУ, Канад, БНХАУ, Недерланд зэрэг 19 улс хүүхэд залуус татагдах амт, үнэрийг нь хориглосон байна. Гэтэл Монгол улс ямар ч хуулийн зохицуулалтгүй байгаа цөөн хэдэн улсын нэг хэвээр байна.

Иймд бид электрон тамхи ба янжуур тамхи гэж ялгалгүйгээр, ижил хуулийн зохицуулалтад оруулахыг эрмэлзсэн нь энэ хуулийн төслийн чухал зорилтын нэг юм.

Хоёрдугаарт. Тамхин бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлж хүүхэд өсвөр үеэ хамгаална.

Тамхи татах нь хувь хүний сонголт ч үр дагаврыг нь  нийгэм хүртдэг, нийгмийн эрүүл мэндийн асуудал байдаг. Нийгмийн эрүүл мэндийг төрийн бодлогоор хамгаалж, хуулиар зохицуулах шаардлагатай. Үүний үндсэн бөгөөд хамгийн үр дүнтэй хэрэгсэл нь эдийн засгийн арга болохыг тамхидалтын түвшнээ амжилттай бууруулж байгаа дэлхийн олон улсаас бид харж болно. 

Тиймээс янжуур, халаадаг, дүнсэн болон электрон тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2026–2030 оны хооронд үе шаттайгаар өсгөх зохицуулалтыг тусгалаа. Ингэснээр тамхидалт 14###/span#< буурна. Манай улсын хувьд нэг хайрцаг янжуур тамхины дундаж үнэ 3,850 төгрөг. Энэ үнийн 40 орчим хувийг татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд янжуур тамхитай улсын жагсаалтад багтаж, улмаар тамхины хэрэглээг дэмжих нөхцөл болж байна.

Тамхины хяналтын суурь конвенцэд дурдсанаар тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй бодлогын нэг нь тамхинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх юм. ДЭМБ-ын судалгаагаар тамхины үнийг 10%-аар нэмэхэд хэрэглээ 4%, хөгжиж буй орнуудад 5%–7% буурдаг бөгөөд ялангуяа өсвөр насныхан илүү амархан татгалздаг байна.

Энэ хууль гарснаар тамхины үнэ нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь төсвийн орлогыг бүрдүүлэх зорилго өвөртлөөгүй, нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа өсөн нэмэгдэж байгаа хүүхэд, өсвөр үеийхний тамхидалтыг бууруулж, эрүүл мэндийг нь хамгаалахад чиглэж байгаа гэдгийг онцлон дурдая. Маш товчоор хэлэхэд тамхины онцгой албан татварыг тамхины эсрэг тэмцэлд зориулна.

Үүнд, сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх, хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд буюу спортын дугуйлан хөтөлбөр, барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Мөн тамхинаас урьдчилан сэргийлэх, гаргах бодитой, тогтвортой арга хэмжээг санхүүгийн эх үүсвэрээр хангах эрх зүйн орчин бүрдэнэ.

Хуулийн төслийн гол зорилго бол хүүхэд өсвөр насныхны тамхидалтыг бууруулахад чиглэж байна.

Тамхи татах нь хувь хүний сонголт гэж бид ярьдаг аа. Гэвч хувь хүн болж төлөвшиж амжаагүй хүүхэд, өсвөр үеэ бид хувь хүний сонголт гэдэг нэрийн дор орхигдуулж болохгүй.

Насанд хүрсэн тамхи татагчдын 90 хувь нь 18 нас хүрэхээс өмнө тамхи хэрэглэж эхэлсэн, 99 хувь нь 26 нас хүрэхээс өмнө тамхины хэрэглэгч болсон байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл хүүхэд өсвөр үеэ тамхидалтаас хамгаалах нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, тамхидалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга зам юм.

Та бидний заримд нь байгаа хор багатай гэж ташаа ойлголт нь элдэв төрлийн амт, үнэртэй хослохоороо өнөөдөр дөнгөж 10 настай балчрууд хүртэл электрон тамхины хэрэглэгч болж байгаа сэтгэл эмзэглүүлэм баримтуудыг багш, аав, ээжүүд ярьж байна. Электрон тамхи хэрэглэгч хүүхэд янжуур тамхины хэрэглэгч болох магадлал 3-5 дахин ихэсдэг нь судалгаагаар нотлогдсон.

Иймээс хуулийн төсөлд тусгасан зохицуулалтын арга хэмжээнээс дурдвал, янжуур болон электрон тамхины амт, үнэрийг хязгаарлана. Тамхи бол жимсний амттай зайрмаг биш. Тамхи бол эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн.

Бүх төрлийн тамхийг ил байршуулж худалдаалахыг зогсооно. Хүүхэд ордог хүнсний дэлгүүр тамхи сурталчилдаг үзэсгэлэн биш.

Тамхийг гудамж, талбайд алхангаа ил татахыг хориглож дам тамхидалтын хор хөнөөлөөс иргэдээ хамгаална. Эдгээр зохицуулалт нь янжуур болон электрон тамхинд ижил үйлчилнэ. Ингэснээр огт зохицуулалтгүй байсан тамхины шинэ тутам хэлбэрүүдэд хуулийн зохицуулалт үйлчилж эхлэх нөхцөл бүрдэнэ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Бидний өнөөдөр хэлэлцэх хуулийн төсөл зөвхөн О.Номинчимэг эсвэл ажлын хэсгийн гишүүдээс дэвшүүлж байгаа санаачлага биш юм.

Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах тангараг өргөсөн эмч нар, сурагчдынхаа ирээдүйд санаа зовоод, хичээлийн завсарлагаанаараа сургуулийн ариун цэврийн өрөөнд манаа хийж байгаа багш нар, электрон тамхи үнэртдэггүй болохоор хүүхдийнхээ төлөө санаа зовж халаасыг тэмтчиж байгаа аав, ээж нар, асран хамгаалагчын хүсэл зориг, нийгмийн захиалгаас төрсөн хуулийн төсөл юм. Олон арван мянган эцэг эх, эмч багш нар энэ хуулийг батлагдахыг итгэл тавин хүлээж байна.

Чөлөөт нийгэмд хуулиар хориглоогүй бизнес эрхэлж ашиг олох нь эдийн засгийн эрх чөлөөний үндэс гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ төгс бус зохицуулалт, өрсөлдөөнгүй зах зээлийн үр дүнд онцгой бүтээгдэхүүнээс огцом олох ашгийн төлөө ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, амь насыг золиослож болохгүй. Нийгмийн эрүүл мэнд бол нэг хэсгийн бизнесийн орлогоос эрхэм зүйл юм.

Янжуур тамхины татварыг нэмэгдүүлэхгүй байх нь жилд 4,300 хүн буюу бүхэл бүтэн нэгээс хоёр сумын иргэдээ үхэл рүү түлхэж байгаатай яг адил зүйл юм. Электрон тамхийг хуулиар зохицуулахгүй байх нь хүүхэд, залуусаа бүх төрлийн хорт зуршилд донтох эрсдэл рүү бид сайн дураараа хөтөлж байгаатай ижил явдал юм.

Эцэст нь хэлэхэд, ямар ч төрлийн тамхи хортой нь үнэн. Хортой бүтээгдэхүүн зохицуулалттай байх ёстой нь ч үнэн. Харин тамхины эсрэг тэмцлийг бид хожимдож эхлүүлж байна. Гэхдээ үүнийг засаж, залруулах арга хэмжээ авах нь улс үндэстэн, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн, ард иргэдийн төлөөлөл болсон та бидний үүрэг юм.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 78 гишүүн буюу парламентийн олонхи гишүүд санаачилж өргөн барьсан нь өмнө байгаагүй санаачилга, өргөн хүрээтэй дэмжлэг юм. Ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, монгол хүний эрүүл, амьд явах эрхэнд санаа чилээж яваа гишүүддээ, ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлж байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье!

Анхаарал тавьсанд баярлалаа" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.