Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд хүргэнэ

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өөрийн цахим хаягтаа  Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд хүргэх талаар мэдээлэл нийтэлжээ. 

Тэрбээр, "2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласны үр дүн бодитоор гарч эхэллээ

Миний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бодитой нэмэгдүүлэх шаардлагыг хатуу тавьж, Монгол Улсын хөгжлийн 2026–2030 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд, 2028 оноос ДНБ-ний 6 хувьд хүргэхээр зарчмын зөрүүтэй санал гаргаж уг санал УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа.

Хэдий хатуу шаардлага хэдий ч эрүүл мэндийн салбарын тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чухал алхам боллоо.

2026 оны байдлаар салбарын санхүүжилт ДНБ-ий дөнгөж 2.6 хувь байгаа нь цалингийн бодит нэмэгдлийг хангах боломжгүй юм.

Он гараад эмч, сувилагч, ажилтнуудын цалинг үе шаттайгаар 75%-иар нэмэх зорилт тавьсан. Гэвч одоогоор зөвхөн 15%-ийн нэмэгдлийг ЭМД-ын санд тусгагдсан. Үлдсэн 60%-ийн нэмэгдлийг мөн ЭМД сангаас гаргах тохиолдолд даатгалын сангийн тогтвортой байдал эрсдэлд орох бөгөөд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж буурах өндөр эрсдэлтэй.

Дээрх санал хэрэгжсэнээр засгийн газрын эрүүл мэндийн салбарынханд амласан цалингийн бодит нэмэгдлийг бүрэн хангах боломжийг нээж байна.

Иргэдийнхээ эрүүл мэнд, эмч сувилагчдынхаа нийгмийн баталгааг бодитой сайжруулахын төлөө эрт төлөвлөж, тууштай ажиллана" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна